АНУ-ын Армийн Форт Хүд дэх баазаас сураггүй алга болсон цэрэг Ванесса Гилленийг хайх ажиллагаа улам эрчимжин, олны танил одууд дэмжлэг үзүүлснээр түүнийг олох шагналын сан хоёр дахин нэмэгдэн, 55,000 ам.доллар болжээ.
20 настай Гиллен хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 22-нд Техас дахь Форт Хүдын армийн постын машины зогсоол дээр харагдсан болохыг тус улсын цэргийн хүчний Эрүүгийн мөрдөн байцаах комиссоос мэдэгдсэн байна. Тэрээр алга болохоосоо өмнө Форт Хүдийн нэгэн түрүүч түүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байгаа талаар гэр бүлийнхэндээ хэлээд сураггүй болжээ.
Эхэндээ Армиас түүний байршлын талаар мэдээллийг 15,000 ам.доллароор үнэлсэн бол дараа нь мөнгөн шагналын хэмжээг 25,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн юм. Тэгвэл Латин-Америк иргэдийн эрхийг хамгаалдаг нэр хүндтэй байгууллага болох Нэгдсэн Латин Америкийн Иргэдийн холбоо энэ долоо хоногт уг шагналын санд 25,000 ам.доллар хандивлажээ.
Сураггүй алга болсон Ванесса Гиллений хэрэг орон нутгийн болон үндэсний олны танил алдартнуудын анхаарлыг татаж байна. Хьюстоны реппер Baby Bash мөн шагналын санд 5,000 ам.доллар нэмэхээр болсноо өнгөрсөн долоо хоногт Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Харин Холливүүдийн жүжигчин Салма Хайек Ванессаг олдох хүртэл түүний зургийг өдөр бүр өөрийн Инстаграм хуудаснаа байрлуулна хэмээн амласан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.