УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өчигдөр Хойд Америкт байгаа иргэдээ татан авах нислэгийг Сөүл хотоос хийж 258 иргэнээ авчирлаа. Өнөөдөр мөн Сөүл чиглэлийн нислэгээр 266 иргэн ирэх бол маргааш Франкфурт, 20-нд өдөр Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдийн татан авах онгоц Сөүл чиглэлд, АНУ-ын Сиэтл хот руу хийх нислэг зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод газардана. Албан ёсны шийдвэр гараагүй ч өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаатай холбогдуулан долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг батлууллаа" гэсэн юм.
Тодруулбал:
7 сарын 2-ны өдөр Сөүл (зөвхөн БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
7 сарын 4-ний өдөр Япон
7 сарын 7-ны өдөр Сөүл (зөвхөн БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
7 сарын 9-ний өдөр Станбул (Турк болон Европт байгаа иргэдээ авчирна)
7 сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.
Харин ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул тусгай үүргийн нислэгийг хуваарь хараахан гараагүй байна гэв.
Мөн БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан байна. ОХУ-д байгаа оюутнуудыг эх орондоо авчрахаар тун ойрын хугацаанд авто замаар татан авах шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.
Өмнө нь таван шалгуурыг тавьж тусгай нислэгт багтах иргэдийг авчирч байсан бол нэмж орлогын эх үүсвэргүй болсон гэсэн нэмэлт шаардлагыг тавьж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 44 улсаас 10355 иргэн нутаг буцах хүсэлтэй байгаагаас хамгийн олноор БНСУ, Япон, АНУ байгаа учраас Сөүл рүү хийх нислэгийн тоог нэмжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.