Монгол жүжигчин Б.Янжиндуламын тоглосон БНСУ-ын “Hot Blooded Detective” нэртэй инээдмийн, адал явдалт уран сайхны кино өнөөдөр буюу зургадугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Уг кино алга болсон моделийн хэргийн учрыг илрүүлэхээр хамтран ажиллаж буй солонгос мөрдөгч Дунг Мин болон монгол мөрдөгч бүсгүй Мөнхөө нарын хөгжилтэй түүхийг өгүүлэх аж. Солонгос, монгол мөрдөгч нарын хамтын ажиллагааг харуулах энэхүү кино нь урьд өмнө Солонгосын кино ертөнцөд харагдаж байгаагүй шинэ содон санаа юм.
Түүнчлэн энэхүү киноны нийт үйл явдлын 40 орчим хувийн зураг авалтыг Монголд хийсэн бөгөөд кино зураг авалтын багийнхан үүнийг долоохон хоногийн дотор амжуулжээ.
Монгол дүр бичин, киноныхоо тодорхой хэмжээний үйл явдлыг Монгол улсад өрнүүлэх болсон талаараа тус киноны найруулагч Юн Ё Чанг “Солонгосын кино салбарт инээдмийн төрөл бол гол жанр. Гэхдээ нөгөө талаараа улиг болсон уг төрөлд би олон үндэстний, өөр өөр гаралтай дүрүүдийг танилцуулбал ямар вэ гэж бодсон. Үүний үр дүнд бид зөвхөн Солонгос төдийгүй Монгол болон дэлхийн бусад орнууд ойлгож болох хошин мэдрэмжийг гаргахыг хичээсэн” гэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Баримтат кино найруулж байхдаа Монголд гурван жил зураг авалт хийсэн. Тэр үедээ би монгол кино найруулагчидтай танилцсан. Солонгосын бүтээлүүд Монголд Холливуд шиг байдаг гэсэн үг сонсож байв. Хэрэв тэдэнтэй хамтран уран бүтээл хийвэл бага төсвөөр ч олон зүйлийг хийх боломжтой гэж надад хэлж байсан юм” хэмээн өгүүлжээ.
Коронавирусийн улмаас өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн урьдчилсан үзлэгт оролцох боломжгүй болсон жүжигчин Б.Янжиндулам дуут мессеж илгээн “Нээлтийн өдөр болж байна. Баяр хүргэе! Бүгдээрээ маш сайн ажилласан шүү. Би үнэхээр очихыг хүсэж байгаа ч тэгж чадахгүй болсон учир харамсалтай байна” гэсэн байна.
Эх сурвалж: mydaily.co.kr, movist.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.