ХБНГУ-ын баруун хойд мужид байдаг Гутерслох мах боловсруулах үйлдвэр, нядалгааны газрын 650 гаруй ажилтнаас коронавирус илэрсэнтэй холбогдуулан олон мянган иргэнийг нэн даруй өөрсдийгөө тусгаарлахыг зааварчлаад байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн өдрөөс хойш үйлдвэрийг хааж, 1,000 гаруй ажилтнаас коронавирусийн шинжилгээ авч эхэлжээ. Эдгээрээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр харьцсан мянга мянган иргэнийг шинжилгээгээ өгч, хариугаа автал тусгаарлалтад үлдээсэн байна.
Тус мах бэлтгэлийн газрыг хариуцдаг Тоннис Группын зүгээс гүнээ хүлцэл өчжээ. Орон нутгийн эрх баригчид хүүхэд асрах төвүүд, сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаанд завсарлуулж халдвар тархахаас сэргийлсэн байна.
Германы канцлер Ангела Меркел орон нутгийн эрх баригчдын авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тус улсад коронавирусийн халдварын 190,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 9,000 орчим иргэн нас бараад байгаа юм.
Засгийн газрын шийдвэрээр ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл олон нийтийн арга хэмжээг цуцлахаар болжээ. Германы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэр коронавирусийн халдварын голомт болж буй анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн сард Мунстер, Коесфелдэд байдаг нядалгааны газруудад цагаар ажиллаж байсан хүмүүсээс коронавирус илэрсэн тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.