Дэлхийн 216 оронд нийт найман сая хүнд коронавирусийн халдварын тохиолдол илэрч, 450 мянган хүн нас баржээ. Улмаар нийт 4.3 сая хүн эдгэрч, 3.5 сая хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 7843 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 38-110-аар нэмэгдлээ. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Манай улсад 270 хүн ажиглалтад шинээр орж, 262 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 1631 хүн ажиглалтын байранд байна.
Энэ сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн бөгөөд таван хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарлан бусад иргэдийг тусгаарлах байруудад хувиарлажээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургадугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 363 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 359 шинжилгээ сөрөг гарч коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд 33,36,40,59 настай Беларусь улсын иргэд ажээ.
Тусгай үүргийн транзит нислэгээр ирсэн сэжигтэй таван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжлэхэд вирус илэрээгүй мөн тус нислэгээр ирсэн бусад иргэдээс ч коронавирус илэрээгүй байна.
Тэгвэл ХӨСҮТ-өөс 16 оюутан эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Оюутнууд 18-65 хоног эмчлэгдэн гарч байгаа юм. Насны хувьд 19-23 насны 15 хүн, 35 насны нэг хүн, хоёр эмэгтэй, 14 настай эрэгтэй хүүхэд эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 201 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж нийт 127 хүн эдгэрч дараагийн хяналтанд орж одоогоор 74 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг дурьдвал хөнгөн 69, хүнд таван хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.