Мариа Тамбо гэгч эмэгтэй алслагдсан бүсийн Амазоны ширэнгэн ойгоос Перугийн нийслэл Лима хотод илүү дээр амьдрал эрэн ирсэн байжээ. Түүний ууган охин Амели гэр бүлийнхээ гишүүд дундаас их сургуульд орж суралцсан анхны оюутан байв.
Гэвч коронавирусийн халдвараас зугтаж, амьд үлдэхийн тулд Тамбо охидынхоо хамт нутаг буцах болжээ. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд гэр бүлээрээ жижиг өрөө хөлслөн зоогийн газарт ажиллаж мөнгө хуримтлуулахыг оролдож байсан ч коронавирус тархсанаас Засгийн газар хөл хорио тогтоож, улсын эдийн засгийн 70 гаруй хувь нь хэвийн бус дэглэмд шилжив.
Хоёр сар орчим хорио цээрт байсны эцэст тэд хоол авч идэх, түрээсээ төлөх мөнгөгүй болсон тул 500 гаруй км-ын цаана байдаг Укайяли дахь тосгон руугаа буцахаар шийджээ. Хорио цээрээс болж олон нийтийн тээврийн хэрэгслийг зогсоосон тул тэдэнд хэдэн зуун км замыг алхаж туулахаас өөр арга байсангүй. Хэдийгээр хүүхдүүдэд нь аюултай боловч өрөөндөө өлбөрч үхэхээ хүлээж хэвтэхээс хавьгүй дээр санаа байжээ.
Тамбо нялх охин Мелекээ нуруундаа үүрч, Амели долоон настай дүү Якирагаа хөтлөн тэд тавдугаар сарын эхээр Амазоны ширэнгэн ойг зорьсон урт аянаа эхлүүлжээ. Энэ аянд тэднээс гадна коронавирусийн хөл хорионоос зугтсан олон мянган иргэн хамтдаа алхаж байв.
Тэд замдаа тоос шороо, бартаатай зам, төмөр замын гарам, харанхуй хонгилууд гээд бүхий л эрсдэлтэй газруудаар өнгөрч байлаа. Халуун наранд шарагдан цаг цагаар, алхам алхмаар урагшилсаар байсан ч ус, хоол нь дуусч тэр бяцхан охиндоо аяархан дуулж өгөх зуураа чимээгүйхэн уйлж байв. Тэднийг харсан жолооч зогсож хоол хүнс өгөн, машиндаа суулгаснаас аян замдаа харангадаж үхэхээс аврагджээ.
Жолооч Тамбогийн гэр бүлийг дараагийн тосгонд хүргэж өгсний дараа гурав дахь өдрийн аяллаа охидынхоо хамт далайн түвшнээс 4,572 метрийн өндөрт Андын нурууны ойролцоо үргэлжлүүлэхэд хүчилтөрөгч дутагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн бартаа саад их тулгарсан ч Тамбо гурван охиныхоо хамт долоон өдөр, долоон шөнө алхсаар Укайяла мужид иржээ. Гэвч халдварын тархалтаас сэргийлэхийн тулд мужийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг хоригложээ.
Тамбо учир байдлаа тайлбарлаж хүүхдүүдийн хамт 14 хоног тусгаарлалтад байхаар эрх баригчидтай тохиролцон эцэст нь гэртээ иржээ. Тэр гэртээ эсэн мэнд ирсэндээ бурханд талархаж өвдөг дээрээ сөхрөн уйлжээ. Түүний нөхөр Кафет хадам аавтай нь хамт угтаж авсан ч вирусээс эмээсэндээ хэдий баяртай байвч тэвэрч чадахгүй байжээ.
Перу улсад коронавирусийн халдварын 240,000 тохиолдол бүртгэгдэж, 7,000 гаруй иргэн нас баржээ. Шинжээчид энэ тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.