ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев 2020 онд тус улсын эдийн засагт гол цохилт болсон гурван асуудлаар коронавирустэй холбоотой дотоодын хязгаарлалт хийсэн, газрын тосны үнэ унаж, экспорт буурсан зэргийг нэрлэв.
Гэвч тэрээр ОХУ-ыг хүнд нөхцөлд байдлыг даван туулах туршлагатай бөгөөд дэлхийн хэмжээний хямралыг даван туулж чадна гэж үзэж байна.
Медведев “Одоогийн таагүй нөхцөл байдал нэг эсвэл хэд хэдэн оронд ч шинэ санхүүгийн хямралыг өдөөж магадгүй. Энэ нь эргээд Оросын санхүүгийн болон валютын зах зээлд дарамт үзүүлэхээс гадна манай улсын экспортын эрэлт буурахад хүргэнэ. Цаг хугацааны явцад ийм цочрол гарах магадлал нэмэгдэн, 2020 онтой харьцуулахад 2021 оны эрсдэл өндөр байх болно. Бид үүнд бэлэн байх ёстой” гэсэн байна.
ОХУ-ын эдийн засгийг сэргээх хөтөлбөр нэлээд өргөжих болсон талаар тус улсын Төрийн Думын тэргүүн орлогч Александр Жуков Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес, тээвэр, хөдөө аж ахуйн салбаруудад шинэчилсэн дэмжлэг үзүүлэхээс гадна өмнө нь хамрагдаагүй байсан агаарын болон далайн тээвэр төдийгүй хөдөө орон нутгийн тээврийн үйлчилгээг онцгойлон авч үзэж байгаа аж.
Энэхүү эдийн засгийг сэргээн босгох үндэсний төлөвлөгөө нь 2021 оны эцэс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг дор хаяж 2.5 хувиар нэмэгдүүлэн, ажилгүйдлийг тав хүртэлх хувиар бууруулан, бодит орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхий сайд Михаил Мишустин Ерөнхийлөгч Владимир Путинтэй зургадугаар сарын 2-ны өдөр хийсэн цахим уулзалтын үеэр уг төслийн талаар хэлэлцсэн бөгөөд төрийн тэргүүн түүнд уг баримт бичгийг эцэслэн боловсруулахыг даалгажээ.
Эх сурвалж: Вести Ру
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.