Өмнөд Солонгосын “Samsung” брэнд саяхан таван өргөн өнцөгт, нэг зүүм хийдэг камер бүхий нийт зургаан камертай шинэ утасны загварыг үйлдвэрлэх эрхээ авчээ.
Samsung энэхүү патентыг авахаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагад өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өргөдөл гаргасан бөгөөд уг патентын 55 хуудас бүхий баримт бичиг нь өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр нийтлэгдсэн байна.
Уг загварын онцлог нь зөвхөн мэдрэгч сенсорын тоондоо биш харин хөдөлж, хазайдаг камерын сенсорууддаа байгаа юм. Эдгээр шинэ ухаалаг гар утаснууд нь 28 мм фокусын урттай таван өргөн өнцгийн камер болон дор хаяж нэг телефото линзтэй байх гэнэ. Түүнчлэн хамт суурилагдсан LED гэрэл нь энэхүү камерын иж бүрдлийг улам хүчирхэг болгох юм.
Хөдөлгөөнт сенсорын тусламжтайгаар гэрэл багатай нөхцөлд ч илүү сайн фокус болон өндөр HDR-тай зураг авах боломжтой. Мөн эдгээр сенсор тус бүр нь хэрэглэгчийн хүссэнээр, бие биеэсээ хамааралгүйгээр хазайх чадвартай гэнэ. Үүний дээр, энэхүү хүчирхэг камерын тохиргооны ачаар хэрэглэгчид улам өндөр чанартай бичлэг хийх боломжтой аж.
Ингэснээр ирээдүйд ухаалаг гар утасны камерын өрсөлдөх чадвар мегапикселийн тооноос илүү линзний чанар, сенсорын хэмжээнээс хамаарна. Үүний гол давуу тал нь муу гэрэлтүүлэгтэй нөхцөлд ч илүү тод, өндөр нарийвчлалтай зураг авах чадвар юм. Nikon, Canon зэрэг үйлдвэрлэгчид аль хэдийн хазайж, хөдөлдөг камерын технологийг нэвтрүүлээд хэсэг хугацаа өнгөрч байгаа ч энэхүү технологийг Samsung компани ухаалаг гар утсанд хэрхэн нэвтрүүлэхийг олон хүн сонирхож байна.
Эх сурвалж: BGR
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.