Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нь Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан.
Гэвч Үндэсний баяр наадмын үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн нэн хориотой дөрвөн төрлийн бодис илэрч, улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо /ҮБНЗБХ/-ноос Э.Оюунболдод олгосон Улсын аварга цолыг хураах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн даруйд Э.Оюунболд өөрийгөө өмгөөлөн, Баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр өнөөдөр гарлаа.
Захиргааны хэргийн шүүхийн ОНХА-ны мэргэжилтэн Ж.Амаржаргал:
-Э.Оюунболдын нэхэмжлэлтэй ҮБНЗБХ-нд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Ингээд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцсэн Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй байхаар шийдвэрлэв. Э.Оюунболд хориотой төрлийн сэргээш хэрэглэсэн нь БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр нотлогдож байна гэж үзлээ.
Иймд ҮБНЗБХ-ноос түүний даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилээр хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулах, цол чимгийг нь олгуулах, улсын аварга цолыг хураах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь зөв байна гэж дүгнэлээ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр албажиж гарснаас 14 хоногийн дотор давж заалдах эрх нь нээлттэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв