Нью-Йоркийн Буффало хотод цагдаагийн хоёр офицер 75 настай иргэнийг түлхэж унагаасан хэрэг өнгөт арьст иргэн Жорж Флойдын нас барсан явдлын дараа олны анхаарлыг татсан цагдаа нарын зүй бус үйлдлүүдийн нэг болсон юм. Тэгвэл цагдаа нарт түлхүүлж газарт унасан ахмад настай иргэний гавлын яс нь хагарч, алхаж гишгэх чадвараа алдсан тухай өмгөөлөгч нь мэдэгджээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байгаад хүндээр бэртсэн Мартин Гугиногийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Келли Зарконе энэ талаар хэвлэлийнхэнд ханджээ. Гугино биеийн байдал нь тааруу байгаа ч олны анхаарлыг зөвхөн өөртөө бус үүний цаана байгаа шударга бус явдлыг тогтолцоогоор нь өөрчлөх асуудалд хандуулахыг хүсч байгаа гэдгийг Зарконе хэлсэн байна.
Гугино цагдаагийн ажилтнуудад түлхүүлэн явган хүний зам дээр унахдаа тархиа хагалж цус алдан газар хэвтэж байсан ч цагдаа нар хажуугаар нь үл хайхран зөрж өнгөрсөн нь бичлэгээс харагддаг. Түүнийг унагааж бэртээсэн цагдаагийн алба хаагчид болох 39 настай Арон Торгальски, 32 настай Роберт МакКабе нарыг хоёрдугаар зэрэгт хамаарах бусдын биед халдсан гэмт үйлдэл гаргасан хэмээн буруутгасан ч шүүхээс гэм буруугүй гэж үзэн батлан даалтгүйгээр сулласан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.