Мексикийн хоёр найз бүх материалаа кактусын навчнаас гарган авдаг арьсан барааны бизнес үүсгэн байгуулжээ.
Адриан Лопез Велард болон Марте Казарез нарын санаачилсан “Desserto” брэндийн хэрэглэдэг материал нь дэлхийн анхны кактус ургамлаас гарган авсан, байгаль орчинд халгүй органик арьс ширэн материал аж. Тэдний бүтээгдэхүүнүүд яг л жинхэнэ арьс шиг харагдаж, мэдрэгддэг байна.
Хамтрагчид кактус сонгох болсон шалтгаан нь энэхүү ургамлыг ургуулахад бага ус зарцуулагддаг бөгөөд тэдний уян хатан, аливаад маш сайн дасан зохицоод зогсохгүй нам хэмд үхэлгүй, тэвчиж чаддаг зан чанараас нь болсон аж. Үүнээс гадна мэдээж тэдний амьдардаг Мексикт кактус ихээр ургадаг. Ийм учраас энэхүү материал маш даацтай бөгөөд ямар ч химийн хорт бодисгүй байж чаддаг гэнэ.
Анх Адриан, Марте нар тавилга, автомашин, загварын салбарт ажиллаж байхдаа хүрээлэн буй орчны бохирдлын асуудал үнэхээр ноцтой байгааг ойлгон, бохирдлыг бууруулж, байгаль орчинд эерэг өөрчлөлт гаргах арга замыг хайж олохыг хүсжээ. Ингээд тэд амьтны арьс ширийг орлох хувилбарыг бий болгохыг зорьсон байна. Найзууд хоёр жилийн турш судалгааны ажил хийсний эцэст, 2019 оны долдугаар сард кактусын арьс ширийг амжилттай гарган авсан гэнэ.
Уг брэндийн бүх бүтээгдэхүүнүүд органик. Түүнчлэн тус компани услалтын системгүй бөгөөд кактуснууд нь зөвхөн борооны усаар ургадаг. Боловсорч гүйцсэн кактусын навчийг Адриан, Марте хоёр хайчлан авч, цэвэрлээд, нухсаныхаа дараа гурван өдрийн турш наранд хатаадаг аж. Үүний дараа тэд хатсан навчийг боловсруулж, патентлагдсан аргынхаа дагуу арьсан материал гарган авдаг байна. Өөрсдийн ургуулсан кактусаараа тэд гар цүнх, гутал, хувцас зэргийг хийдэг аж.
Эх сурвалж: cbs12.com, newslagoon.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.