ОХУ-ын Волгоград хотын нэгэн өсвөр насны сурагч тэсрэх хэрэгсэл үйлдвэрлэсэн хэргээр саатуулагдаад байгаа бөгөөд тэрээр үүнийгээ өөрийн сургууль дээрээ дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ.
Волгоград мужийн Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албаны мэдэгдсэнээр түүнд тэсрэх бодис, төхөөрөмж хууль бусаар үйлдвэрлэсэн болон хоёр ба түүнээс дээш тооны хүнийг онц аюултай аргаар алахыг төлөвлөсөн зэрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тус улсын Үндэсний аюулаас хамгаалах албаны Волгоград мужийн ажилтнууд уг бүс нутгийн оршин суугч, 14 настай эрэгтэй сурагч гэртээ молотов коктейль үйлдвэрлэж байгааг олж мэдсэн байна. Ингээд албаныхан тус сурагчийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авчээ. Түүний орон сууцад хийсэн нэгжлэгийн үеэр тэсрэх төхөөрөмж хийхэд шаардагдах металл эд анги болон 18 молотов коктейль олдсон аж.
Уг сурагчийн мэдүүлснээр тэрээр энэ бүхнийг зугаа цэнгэлийн зориулалтаар, Волгоградын эзгүй зэлүүд газруудад дэлбэлэхээр төлөвлөж байсан гэсэн боловч мөрдөн байцаагч нар түүнийг сургуульдаа халдлага хийх гэж байсан гэж үзэж байна. Түүний онилж байсан хүмүүс нь сургуулийн нэг ажилтан, өмнө нь түүнтэй зөрчилдөж байсан нэг сурагч болон бусад хэд хэдэн хүн байжээ.
Одоогоор түүнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хориод байна.
Эх сурвалж: Высота 102
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
молотов коктейль гэдэг нь яг юу юм бэ?
Архины шилтэй шатдаг шингэн үү?