Дэлхийн кино урлагийн хамгийн хүндэт наадам болох Оскарын шагнал гардуулах ёслол сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа хойшлохоор болжээ. Америкийн кино академийн мэдэгдсэнээр Оскарын наадам ирэх жилийн хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах ёстой байсан ч коронавируст цар тахлын улмаас 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлогджээ.
93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол ийнхүү хоёр сарын хугацаатайгаар хойшилсон нь ойрын 40 орчим жилд тохиогоогүй явдал юм. Наадмыг зохион байгуулагч Америкийн кино академийн Ерөнхийлөгч Дэвид Рубин, гүйцэтгэх захирал Даун Хадсон нарын хамтарсан мэдэгдэлд “зуун жилийн турш кино урлаг нь хүнд хэцүү, харанхуй бүрэнхий цаг үед та бидэнд үргэлж урам, эрч хүч өгч зоригжуулж ирсэн билээ. Бид наадамд оролцох кино уран бүтээлчдэд хийж буй ажлаа дуусгах, кинонуудаа нээж үзэгчдэд хүргэх боломжийг олгохын тулд уян хатан байж хугацааг нь хойшлуулах шийдвэр гаргалаа” хэмээжээ.
Хамгийн сүүлд 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы амь насанд хүрэх оролдлого гарч байсантай холбогдуулан Оскарын наадмыг 24 цагаар хойшлуулсан байна.
Энэ жил коронавирусийн тархалттай холбогдуулан кино уран бүтээлчид нээлтийн хуваариа өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Олон нийтийн зугаа цэнгэлийн газар, кино театрууд ажиллахгүй байгаа тул ихэнх кинонууд нээлтээ оны сүүлч болтол хойшлуулаад байгаа юм. Тухайлбал “Wonder Woman 1984”, “Black Widow” зэрэг кинонууд зун нээхээр төлөвлөсөн ч намар хүртэл хойшлуулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.