Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн хуучин барилгыг нурааж шинээр барилга барих явцад хана нурж, нэг хүн нас барж, гурван хүн бэртсэн талаар НОБГ-аас мэдээллээ.
Шууд дамжуулалтын үед хоёр хүн нас барсан, хоёр иргэн осолдсон гэх мэдээлэл байсан бөгөөд тухайн мэдээллийн дараа гурван иргэн осолдож, эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, барилгын хананд дарагдаж нас барсан нэг иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн авч гэх мэдээлэл өглөө. Нас барсан иргэний хувьд 50 гаруй настай эрэгтэй хүн байсан гэх мэдээлэл байна.
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтан нурж хүн дарагдлаа гэсэн дуудлага 09:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн нэг, хоёрдугаар анги ирж ажиллалаа. Нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барлаа. Бид цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэмтсэн хоёр иргэнийг ГСҮТ-д хүргэлээ. Хэргийг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдээллээ. Тус барилгын ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиалгаар "Хос бар" компани гүйцэтгэж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.