Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг санууллаа
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?
-Шалгалт өгөхөөр 30 мянга 900 хүүхэд бүртгүүллээ. Энэ жил улсын хэмжээнд XII анги 28 мянга 650 хүүхэд төгсөхөөс 28 мянга нь шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Мөн өмнө жил төгсөөд шалгалт өгөөгүй эсвэл элссэн сургуулиа солихоор шалгалт өгөх гэж буй 2900 хүүхэд байна.
-Элсалтийн шалгалт товлосон хугацаандаа болох уу?
-Улсын онцгой коммист элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулах санал хүргүүлснийг батламжилсан. Ийнхүү бид товлосон хугацаандаа шалгалт авах бэлтгэл ажлаа хангачихсан байна.
- Суудлын хуваарийг баталсан уу?
-Суудлын хуваарийг бүрэн хийж дууссан. Энэ бол тухайн хүүхэд аль сургуулийн аль ангид, ямар суудал дээр сууж шалгалт өгөхийг мэдээлэх хуудас юм. Энэ жилийн суудлын хуваарийн онцлог нь тухайн хүүхэд шалгалтаа өгөхдөө хэдэн цаг, хэдэн минутад шалгалтын байран дээр ирж, аль хаалгаар нэвтрэх вэ гэдгийг нарийвчлан заасан. Тиймээс суудлын хуваарийн мэдээллийг эцэг, эх, сурагч сайн анзаарах хэрэгтэй. Мөн бүгд амны хаалт зүүж ирэх бөгөөд үүдэн дээр биеийн халууныг үзэж, гар ариутгана. Энэ үеэр халуурсан, ханиасан, УОКын шийдвэрээр тусгаарлах байрнаас ирсэн хүүхэд байвал тусгаарлах өрөөнд шалгалт авахаар болсон. Зургадугаар сарын 15-нд (өнөөдөр) элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн системд шалгалтын болон суудлын хуваарь орно. Энэ жилийн төгсөх ангийн сурагч өөрийн бүртгэлийн дугаараараа, өмнөх оны хүүхдэд регистрээрээ нэвтэрч ороод, суудлын хуваариа хэвлэж авах боломжтой. Мөн энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Зарим сайт элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг зарласан нь хуурамч мэдээлэл гэдгийг хэлье. Шалгалтын сэдэв, даалгавартай холбоотой хуурамч мэдээлэл жил бүр гардаг. Тиймээс эцэг, эх, төгсөгчид Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны эх сурвалж болох eec. mn, help.eec.mn сайтаас мэдээлэл аваарай.
-Нэг ангид хэдэн хүүхэд шалгалт өгөх вэ?
-УОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу нэг ангид байх ширээ хоорондын зай 1.5-2 метр. Тэгэхээр стандарт ангид 12 хүүхэд сууна. Ийнхүү нэг ангид шалгалт өгөх хүүхдийн тоо цөөрсөн учраас шалгалтын байрны тоог нэмсэн. Өмнөх жилүүдэд 50 байранд шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ жил 85 болсон. Нийслэлд 41, хөдөө орон нутагт 44 байр бий.
-Шалгалтад орохоор хүүхэд ирэхдээ ямар бичиг баримт авчрах ёстой вэ. Аль нэгийг нь мартсан тохиолдолд яах вэ?
-Шалгалтад орох сурагч дөрвөн төрлийн бичиг баримт авчирна. Аль нэгийг нь орхисон тохиолдолд шалгалтад оруулахгүй байх үндэслэл болдог. Тодруулбал, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа авчрах ёстой. Бид энэ бичиг баримтыг бүрэн авчрах талаарх мэдээллийг байнга хүргэж байна. Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол оршин суугаа хороо, сумынхаа Засаг даргаас тодорхойлолт, эсвэл ТҮЦ машинаас авч болно. Харин суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа орхисон тохиолдолд шалгалт авах 85 байранд шууд хэвлүүлж, авах боломжтой, интернеттэй танхим бэлдэж байна.
-Шалгалтын агуулгад өөрчлөлт орсон уу?
-Үндэсний хэмжээний, чухал ач холбогдолтой шалгалтын даалгаврын тавил буюу ямар хэлбэрийн даалгавар хэчнээн хувийг эзлэх вэ гэдгийг хамаагүй өөрчилж болохгүй. Жил бүрийн тавдугаар сарын 15нд даалгавар боловсруулах урьдчилсан төлөвлөгөөг багш, сурагчдад өгдөг. Энэ жил коронавирусийн тархалттай холбоотойгоор даалгаврын агуулгад нэлээд өөрчлөлт орсон. Тухайлбал, шалгалт авах байр 35-аар нэмэгдсэн учир эдгээр байранд сонсоод, ойлгох чадвар шалгахад хэрэгтэй сонсох төхөөрөмж байршуулж амжаагүй. Тиймээс монгол, англи, орос хэлний шалгалт сонсох даалгаваргүй болсноор уншиж, ойлгох даалгаврыг нэмсэн. Хэдийгээр теле хичээлийг зохион байгуулсан чхүүхэд бүрт тэгш хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулахдаа X, XI ангийн агуулгыг бүрэн оруулж, XII ангийн сүүлийн улирлын агуулгаас аль болох зайлсхийсэн.
-Ямар хичээлийн шалгалтыг хамгийн олон хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Жил бүр англи хэл, математик, нийгмийн тухай мэдлэг хичээлийг олон хүүхэд сонгодог. Энэ жил математикийн шалгалт өгөхөөр 22550, нийгмийн тухай мэдлэг 19819, англи хэл 20344 хүүхэд бүртгүүлсэн байна. Учир нь, энэ гурван хичээл их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журмын суурь байдаг. Харин орос хэл, газарзүй, монголын түүхийн хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгдөг.
-Гадаадад амьдар ч байгаад ирсэн, тусгаарлалтаас гарсан хүүхэд байх магадлалтай. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Одоогоор манайд албан ёсоор хүсэлт илгээсэн хүүхэд байхгүй. Нэг хүүхэд утсаар холбогдсон. Долдугаар сарын 2-ноос өмнө тусгаарлалтаас бүрэн гарах буюу 14 хоногийн гэрийн хорио нь дууссан гэсэн УОКын бичигтэй ирвэл шалгалтад оруулна. Солонгос Улсад дөрвөн хүүхэд хөл хорионд байгаа учраас шалгалт өгөх боломжгүй гэх хүсэлт илгээсэн. Мөн онлайнаар шалгалт өгөх өргөдлөө илгээсэн байна. Боловсролын үнэлгээний төвийн чиг үүрэг болон өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар шалгалт авах боломжгүй гэдгээ тэдэнд хэлсэн.
Б.Бадамзул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.