Энэтхэгийн кино урлагийн ертөнц Болливудад өсч яваа ирээдүйтэй шинэ залуу жүжигчдийн нэгээр нэрлэгдэж байсан 34 настай Сушант Сингх Ражпут нас барсан байдалтай Мумбай хот дахь гэрээсээ олджээ. Мумбай хотын цагдаагийн газар түүнийг өөрийн амийг егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Сушант Сингх Ражпут телевиз болон кино бүтээлийн аль алинаар нь олонд танигдаж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээгээд байсан юм. Тэрээр крикетийн спортын домогт тамирчны тухай “Нууцлаг түүх” болон ноён Донигийн дүрээр дэлгэцийн урлагт мөнхрөн үлдлээ.
Ерөнхий сайд Нарендра Модигоос эхлээд олон эрхэм таагүй явдалд гүн эмгэнэл илэрхийлжээ. Ражпут нас барсан байдалтай олдохоос хэд хоногийн өмнө түүний хуучин менежер мөн таалал төгсөөд байжээ. 28 настай менежер Диша Салиан өнгөрсөн долоо хоногийн эхэнд Мумбайн 14 давхар барилгаас унасан юм.
Залуу жүжигчин Бихар мужид төрсөн бөгөөд жүжигчин, бүжигчин болохын тулд инженерийн сургуулиа орхижээ. Ражпут 10 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсандаа хамгийн сүүлд энэ сарын 3-ны өдөр буюу 10 гаруй хоногийн өмнө пост оруулсан байна. Тэрээр 2002 онд таалал төгссөн ээжийнхээ зургийг дагагчидтайгаа хуваалцаж сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.
Ойрын саруудад Болливудын ертөнцөд хүндхэн гарз хохирол тохиогоод байгаа юм. Домогт жүжигчид болох Риши Капур, Ирфан Хан нар дөрөвдүгээр сард удаа дараалан таалал төгссөн билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмгэнэл илэрхийлэе