АНУ-ын Жеоржиа мужийн нийслэл Атланта хотын Wendy’s түргэн хоолны сүлжээ газрын гадаа баасан гарагт цагдаагийн ажилтан 27 настай өнгөт арьстай иргэн Рейшард Брүксийг буудаж хороожээ. Энэ хэргийн дараа Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд баасан гарагт хэрэг гарсан түргэн хоолны газрыг зорьсон байна.
Жагсагчид уур бухимдлаа барьж ядан түргэн хоолны газрыг болоод ойр орчимд нь байсан эд зүйлс, автомашинуудын хамт галдан шатаажээ. Брүксийн аминд хүрсэн цагдааг ажлаас нь халахыг хотын дарга Кейша Ленс Боттомс уриалсан бөгөөд Атланта хотын цагдаагийн газрын даргыг ажлаас нь халсан байна.
Баасан гарагт болсон хэргийг сийрүүлбэл Рейшард Брүкс Wendy’s түргэн хоолны газрын гадаах жолооч нарын зорчих хэсэгт машинаа зогсоож унтаж байгаа тухай дуудлага 22:33 минутад цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн ажилтан дуудлагын дагуу ирж Брүксийг биеэ хянах чадвартай байгаа эсэхийг шалгахад тэрбээр жолооны ард суух чадамжгүй болох нь тогтоогджээ.
Цагдаагийн ажилтан түүнийг саатуулахыг оролдсон ч эсэргүүцэл үзүүлж, тэд хоорондоо зодолдож, ноцолдож эхэлсэн байна. Улмаар цагдаагийн хоёр офицер Брүксийг баривчлахыг оролдож буудаж хороожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдолтой хоёр өөр бичлэгийг олон нийтэд дэлгэн харуулжээ. Нэг бичлэгийг Жеоржиагийн мөрдөх товчооноос түргэн хоолны газрын хяналтын камерт бичигдсэн үйл явдлыг харуулсан бол нөгөө бичлэгийг хэргийн газарт байсан гэрч дэлгэсэн байна.
Гэрчийн бичлэг зодооны дундаас эхэлж байгаа бөгөөд нэрээ нууцалсан гэрчийн хэлснээр цагдаагийн офицер Брүксийг эсэргүүцэхээ зогсоохыг шаардаж цахилгаан буугаар бууджээ. Мөн гэрчийг хэрэг болсон газарт ирэхэд хохирогчийн машин зогсох зөвшөөрөлтэй хэсэгт байсан гэв.
Брүксийг зугтахыг оролдох үед цагдаагийн офицерууд цахилгаан буугаар гурван удаа буудаж түүнийг хөөсөн ба цагдаагийн ажилтны дараагийн сум нь жинхэнэ бууны сум байжээ.
Харин Wendy’s түргэн хоолны газрын хяналтын камерын цагдаа нарын албан ёсоор дэлгэсэн бичлэгт зодооны хэсгийг огт оруулаагүй ба зөвхөн Брүксийн цахилгаан буугаар цагдаа руу буудахыг оролдсон хэсгийг л харуулжээ. Брүксийг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр нас барсан юм. Харин түүнийг хороосон цагдаа хөнгөн бэртлээ эмчлүүлээд гарчээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haruud oorsdiigoo yu gej bodoov ymr ch hereg tarisan darhan tsaaztai gej bodson ym baih daa. Sharuudiig ch bas gazar deer ni tsaash ni haruulj l baidagshde