Шударга бусаар цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан Их Британийн нийслэл Лондон хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт үргэлжилсэн байна. Энэ үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж зуу гаруй иргэн баривчлагдан саатуулагджээ.
Жагсагчдын дунд хэт их барууныг дэмжигчид байсан бөгөөд эрх баригчид боолын наймаатай холбоотой хөшөө дурсгалуудыг хамгаалах шийдвэр гаргасны дараа жагсаал хурцадсан байна. Зарим жагсагчид цагдаа нар луу халдсан тухай эх сурвалж мэдээлжээ.
2017 онд Вестминстерийн халдлагаар амиа алдсан Кейт Палмерын дурсгалт хөшөөний дэргэд шээж байсан эрэгтэйг цагдаа нар шалган мөрдөж эхэлсэн байна. Лондонгоос гадна Их Британийн бусад хотуудад арьс өнгөний үзлийн эсрэг тайван жагсаал газар авчээ.
Үүнээс гадна Франц улсын нийслэл Парис хотод арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаалд 15,000 гаруй иргэн оролцож, мөн цагдаагийн ажилтнуудтай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч цацсан ба жагсагчид хариуд нь чулуу шиджээ.
Эдгээр жагсаалууд дэлхий даяар өрнөж буй Black Lives Matter хөдөлгөөний нэг хэсэг юм. Франц улсад 2016 онд залуухан өнгөт арьст эрэгтэй Адама Траоре цагдаад баригдан нас барсан явдлыг жагсагчид эргэн дурсаж “Адамын хэргийг шударга шийдье” хэмээн шаарджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.