Өнгөрсөн сард Африкийн Габон улсын далайн эргээс барьцаалагдсан БНСУ-ын иргэн эсэн мэнд суллагджээ.
Далайн дээрэмчид тавдугаар сарын 3-ны өглөө Габон улсын нийслэл Либревиль хотын ойролцоо загас агнуурын хоёр завь руу дайралт хийж, багийн нийт 18 гишүүнээс зургааг нь барьцаалсан юм. Үүний дунд хөлгийн ахмад Өмнөд Солонгосын иргэн болон Индонези, Сенегалийн иргэд байсан аж.
Тэгвэл Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээлснээр далайн дээрэмчин этгээдүүд тус улсын иргэн, 50-иад насны эрэгтэй болон түүний багийн бусад таван гишүүнийг өнгөрөгч даваа гарагийн орой сулласан гэнэ. Хамт суллагдсан таван хүний биеийн байдал ч мөн сайн байгаа гэж тус яамнаас мэдэгдлээ.
БНСУ-ын иргэн одоогоор Нигери улсын Засгийн газраас санал болгосон аюулгүй газарт байгаа бөгөөд тэрээр орон нутгийн эмнэлэгт эмчийн үзлэгт орсныхоо дараа эх орондоо эргэн иржээ.
Эдгээр зургаан хүнийг суллахаасаа өмнө шаардаж байсан барьцааны мөнгөө дээрэмчид авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын иргэнийг аврах ажиллагаанд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн Габон, Нигери, Францын Засгийн газруудад талархал илэрхийлээд байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.