Тусгаарлах байранд амь насаа алдсан цагдаагийн албан хаагчийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагч ямар шалтгаанаас болж нас барсан бэ?
-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу тавдугаар сарын 27-ны 07:30 цагаас “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Зургадугаар сарын 1-ний 11:00 цагийн орчимд эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсны улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас дуудлага мэдээлэл өгсөн. Улмаар Яаралтай түргэн тусламжийн төвд 11:30 цагийн үед хүргэгдэн, эмнэлгийн анхны тусламж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан.
-Талийгаачийн ар гэрээс телевизэд ярилцлага өгөхдөө “Цагдаагийн байгууллага уг асуудалд анхаарал хандуулаагүй” гэсэн, үнэн үү?
- Ийм мэдээлэл гарсан байна лээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс Цагдаагийн ерөнхий газарт хандан, телевизэд ярилцлага өгсөн нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар гарсанд эмзэглэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Хамт олонд нь баярласан талархсан гэдгээ илэрхийлсэн. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэхүү харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, байнгын холбоотой байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.
-Нас барсан алба хаагчтай холбоотой хэргийг хаана шалгаж байгаа вэ?
-Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй. Мөн уг асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж байна.
-Тусгаарлах байранд цагдаагийн хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олон сараар ажиллаж байгаа шүү дээ ум ма ни бадь ми хум
Эхнээсээ ар гэрт нь анхаарал халамж тавиагүй юм гэдэг нь ярианаас нь тодорхой ойлгогдохоор байсан. Ямар ч л гэсэн сэтгэл дундуур байна лээ шүү. Хойшид анхаарах хэрэгтэй