Энэтхэгийн иргэн Мукул Гаргийн 17 гишүүнтэй гэр бүл нэг нэгээрээ өвдөж эхлэхэд тэр анхандаа үүнийг коронавирус гэж бодсонгүй. Дөрөвдүгээр сарын 24-нд 57 настай авга ах нь халуурч, 48 цагийн дотор түүний гэр бүлийн хоёр гишүүн мөн ханиадны шинж тэмдэгтэй болжээ. Мукулын гэр бүл ихэнхдээ л тав, зургаагаараа ханиад хүрдэг тул тэрээр ихэд санаа зовоогүй аж.
Гэвч дараагийн хэдэн өдрийн турш дахиад таван хүнд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Ингээд удалгүй энэ гэр бүлийн 17 гишүүний 11 нь халдварын шинжилгээгээр “эерэг” хариу авчээ.
Гаргийн гэр бүл Дели хотын баруун хойд хэсэгт орших хороололд гурван давхар байшинд амьдардаг. Дээд давхарт нь 33 настай Мукул Гарг эхнэр, хоёр хүүхэд, эцэг эх, эмээ өвөөгийн хамт амьдардаг. Харин доорх хоёр давхарт нь түүний авга ах нар өөрсдийн гэр бүлийн цуг амьдардаг аж. Уг гэр бүлд дөрвөн сартай нярайгаас 90 настай өвөө байдаг гэнэ.
Ингээд тэд тавдугаар сарыг бүгд хамтдаа коронавирусийн эсрэг тэмцэн өнгөрүүлжээ. Мукул Гарг олон цагийн турш эмч нартай утсаар ярьж, зөвлөгөө аван, гэр бүлийн гишүүд өдөр бүр бие биеийнхээ байдлыг мессежээр шалгадаг байв. Тэд мөн өндөр халуунтай хоёр хүнийг нэг өрөөнд байлгалгүй, ойролцоо шинж тэмдэгтэй гишүүд хамт байрладаг байжээ. “Манай гэр нэг л шөнийн дотор коронавирусийн эрүүл мэндийн төв болж хувирсан. Бид нэг нэгээрээ сувилагч болсон" гэж Мукул ярьсан байна.
Ингээд тавдугаар сарын эцэс гэхэд ноён Гаргийг оролцуулаад зөвхөн гурван хүн л шинжилгээгээр “эерэг” хэвээр байж. Харин энэ сарын 1-нд уг гэр бүл гурав дахь удаагийн давтан шинжилгээнд ороход бүгд “сөрөг” хариу хүлээн авчээ.
“Гэр бүлийн хувьд бид тусгаарлалтын эхний нэг сар шиг ийм их цагийг хамтдаа өнгөрүүлж байгаагүй. Тэр үед манай гэр бүлийн хамгийн жаргалтай үе байсан. Бид бие биеэ хамгийн сайн, хамгийн муу дээрээ харсан тул энэ бүхнээс илүү хүчтэй болж гарч ирсэн” хэмээн Мукул Гарг хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.