А.С.Пушкины (Орос хэлний өдөр) өдөрт зориулсан онлайн уулзалтын үеэр Буриадын үндэсний номын сангийн шинэ барилгын өртөг 615 сая рубль болсон гэж Буриадын тэргүүн Алексей Цыденовын хэлснийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин залруулав. Ерөнхийлөгчийн хэлснээр төслийг хэрэгжүүлэхэд 1 тэрбум рубль олгосон ажээ.
“Өнөөдөр манай бүгд найрамдах улсын хувьд нэн чухал обьект болох орчин үеийн бүхий л шаардлагад нийцсэн Буриадын үндэсний номын сангийн шинэ барилга нээлтээ хийж байна, энд нэг сая гаруй ном, түүний дотор Дорнын бичиг үсгийн дурсгалууд хадгалагдаж байна. Ном зохиолыг гэмтээлгүйгээр сан хөмрөгийг тоон болгож хувиргах орчин үеийн хуулбарлагч төхөөрөмжүүдийг энд суурилуулсан бөгөөд 130 гаруй мянган хувь, түүний дотор буриад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл бүхий орон нутаг судлалын сан хөмрөгийг байгуулсан” хэмээн Цыденов өгүүлсэн.
Тэрээр, Оросын эзэн хааныг нас барсны дараа, 1727 онд нэрт яруу найрагч Александр Пушкины өндөр өвөг эцэг Абрам Петрович Ганнибал Буриад руу цөлөгдөж, гурван жил энд амьдарч байсныг сануулангаа тус бүгд найрамдах улс яруу найрагчтай “өөрийн гэсэн холбоотой” болохыг онцлон тэмдэглэв.
Том төсөл
ОХУ-ын холбооны “Соёл, аялал жуулчлалын хөгжил” хэмээх зорилтот хөтөлбөрийн хүрээнд Буриадын үндэсний номын сангийн шинэ барилга, мөн газар доор ном хадгалах хэсэг, хуучин барилгатай холбосон хэсэг зэргийн бүтээн байгуулалтын ажил 2016 оноос эхэлсэн ажээ.
Литер “Б” хэмээх зургаан давхар шинэ корпуст захиалга авах хэсэг, каталогийн танхим, сургалтын компьютерийн анги, Б. Н. Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн бүсийн салбар төв, хөгжмийн танхим, урлагийн зохиол бүтээлийн хэлтэс, нийгмийн ач холбогдол бүхий мэдээллийн төв, тоон сан хөмрөгийн тасаг (сектор), ховор номын хэсэг зэрэг байрлана.
“Эрдэм оюунаа дээшлүүлэхийг эрхэмд үздэг уншигчдад номын сан илүү нээлттэй байх болно. Төгөлдөр хуур хөгжимтэй, 120 хүний суудалтай хөгжмийн танхимыг конференц системээр тоноглосон. Үндэсний номын сангийн шинэ барилгад “Номын музей”-н үйл ажиллагаа үргэлжилж, номын үзэсгэлэн, экскурс зэрэг ажил явагдана. Зургаан давхрын дээвэр дээрээс Улаан-Үд хотын төв хэсгийг харах талбай уншигчдын сэтгэлийг сэргээнэ” хэмээн бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Буриадын үндэсний номын санг Верхнеудинск (Улаан-Үдийн хуучин нэр) хотын сэхээтнүүдийн санаачилгаар 1881 оны есдүгээр сард үүсгэн байгуулсан. Оршин тогтносон 130 гаруй жилийн түүхэн хугацаанд тус номын сан орчин үеийн ном, соёлын төв болж хувирчээ. 1.3 сая ном зохиол, баримт, аудио болон видео материал, түүний дотор худам монгол бичгээр туурвисан Дорнын бичиг үсгийн дурсгал, Байгалийн чанадын тосгодод цөлөгдсөн декабристуудын ном зохиол, бусад олон ховор нандин зүйл тус номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлдэг ажээ.
Дамдины ЭНХЭЭ
2020.6.10 ЛХАГВА № 113 (6338)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.