Бразил улсын эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн коронавирусийн халдварын тархалтын талаарх мэдээллээ олон нийтэд дэлгэхээ зогсоогоод байсан юм. Тэгвэл дээд шүүхийн тушаалаар улс орон дахь Ковид-19-ийн тархалтын тухай мэдээллийг эргэн олон нийтэд ил тодоор зарлаж эхэлжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудас ажиллаж эхэлсэн байна. Коронавирусийн халдварын 742,000 тохиолдол бүртгэгдэж, 38,000 гаруй иргэн нас барсан мэдээллээр Бразил улс цар тахлын тархалтаар АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Халдварын тархалтын талаарх мэдээллийг нууцалсан нь хүнлэг бус үйлдэл хэмээн дээд шатны шүүгч Александре де Мораес мэдэгдэж, олон нийтийн эрүүл мэндийн төлөө мэдээллийг дэлгэх ёстой гэж үзжээ.
Коронавирусийг жирийн ханиад хэмээн нэрлэсэн Ерөнхийлөгч Жайр Болзонаро Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тахлын үед тусламж хүргээгүй тул Бразил улсын тус байгууллага дэх гишүүнчлэлийг түдгэлзүүлж, нэрээ татан авна хэмээн сүрдүүлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.