Африкийн Бурунди улсын 56 настай Ерөнхийлөгч Пьер Нкурунзизагийн зүрх нь гэнэт зогсож таалал төгссөн болохыг албаны эх сурвалж мэдээлжээ. Бурундигийн Засгийн газрын Твиттер хуудсанд “Бурундигийн Бүгд Найрамдах улс ард түмэндээ болон Ерөнхийлөгчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай улс нэр төртэй хүүгээ алдлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрээр бурхны хайртай хүү байсан гэдгийг дурдаж, ард иргэдийг тайван хүлээж авахыг уриалжээ. Ерөнхийлөгчийг таалал төгссөн тул улс орон даяар долоо хоногийн турш гашуудал зарлаж, улсын далбааг хагас бөхийлгөжээ.
Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр Пьер Нкурунзиза нь хөлбөмбөгчин байсан бөгөөд эрүүл чийрэг биетэй, спортод дурлагч байжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт воллейболлын тэмцэнд оролцож, орой нь өвдөн ням гарагт эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд даваа гарагийн өглөө таалал төгссөн талаар гэнэтийн мэдээг эрх баригчид дуулгажээ. Түүний гэргий тэргүүн хатагтай Ковид-19-өөр халдварласан байж болзошгүй тул 10 хоногийн өмнө Кенийн Найроби хот руу ниссэн байна.
Африк тивийн хэмжээнд коронавирусийн халдвараар 200,000 орчим хүн өвчилж, 5,000 гаруй иргэн нас баржээ. Африкийн улс орнууд хорио цээр тогтоосон ч Бурунди улсад халдварын ердөө 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Ерөнхийлөгч Нкурунзиза хорио цээр тавихаас татгалзаж, итгэх эсэх нь таны хэрэг, гэхдээ манай улсыг бурхан хамгаалж байгаа хэмээн мэдэгдэж байжээ.
Нкурунзиза нь Бурунди улсыг 2005 оноос хойш удирдсан бөгөөд гурав дахиа дахин сонгогдсон нь багагүй маргаан дагуулсан юм. 2015 онд түүний эсрэг армийн генерал төрийн эргэлт хийхийг оролдсон нь бүтэлгүйтсэн билээ. Өнгөрөгч 2019 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн газраас Засгийн газарт сануулга өгч, тэрээр өнгөрөгч тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэхээ өрсөлдөхөөс татгалзжээ.
Энэ жилийн тавдугаар сард Нкурунзизагийн халааг түүний эрх баригч намын нэр дэвшигч Эваристе Ндайшимие залгахаар болсон бөгөөд ирэх наймдугаар сард албан ёсоор төрийн тэргүүний суудлаа шилжүүлэн өгөхөөр бэлдэж байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.