АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагаан арьст цагдаагийн гарт 46 насандаа амиа алдсан өнгөт арсьт иргэн Жорж Флойдыг эцсийн замд нь үдлээ. Түүнийг төрөлх хот Хьюстонд оршуулж, гэр бүл, ойр дотныхон, дэмжигчид нь хүндэтгэл үзүүлж салах ёс гүйцэтгэсэн байна.
Дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал хөдөлгөөнийг эхлүүлж, сая сая иргэний дуу хоолой болсон Жорж Флойдын нас барахынхаа өмнө хэлсэн “би амьсгалж чадахгүй байна” гэсэн үгтэй цамц, подволк өмссөн жагсагчид түүний оршуулах ёслол болсон сүмийн гадаа цуглажээ.
Гэр бүлийнхэн нь түүнийг сайн аав, ах, дүү, тамирчин, удирдан чиглүүлэгч байсан төдийгүй үхлээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шударга бус байдал, цагдаагийн зүй бус үйлдлийг дэлхий дахинд илчлэн харуулсан болохыг хэлжээ. Флойдын дүү Родни Флойд Fountain of Praise сүмд эмгэнэл илэрхийлэхээр ирсэн хэдэн зуун хүний өмнө хэлсэн үгэндээ “Тэр энд төрсөн боловч дэлхий даяар түүнийг хэн байсныг дурсан санах болно. Тэр дэлхийг өөрчилнө” хэмээн сэтгэл хөдөлгөсөн үгийг цуурайтуулжээ.
Флойдыг эцсийн замд нь үдэхэд орон нутгийн радио станцууд нэгэн зэрэг цацалтаа зогсоож, эмгэнэл илэрхийлсэн байна. Хотын эрх баригчид цахим сүлжээнд эмгэнэл илэрхийлсэн бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж найман минут, 46 секундын турш үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ хугацаа нь цагдаагийн ажилтан Дерек Шовин зэвсэггүй, гартаа гав зүүсэн Флойдын хүзүүн дээр өвдөглөж амь насыг нь хороосон хугацаа юм.
Флойдын зээ дүү Брүк Уильямс нагац ахынхаа талаар сэтгэл хөдөлгөсөн хүндэтгэлийн үг хэлжээ. Тэрээр “миний нэрийг Брүк Уильямс гэдэг. Би бол Жорж Флойдын зээ дүү. Би амьсгалж чадаж байна” хэмээн яриагаа эхлүүлсэн нь оршуулгад оролцож байсан хүмүүсийг цочирдуулсан юм. Үргэлжлүүлэн “би уртаас урт амьсгаа авч байна. Шударга ёс үйлчлэх л болно. Тэр та бидний тэмцлийн төлөө, илүү урагш түлхэхийн төлөө, Африк гаралтай Америкчуудад шударга хандахын төлөө, шударга бус системийг устгахын төлөө амиа өгсөн” гэжээ. Түүнийг үгээ хэлсний дараа цугласан хүмүүс дуу алдан, алга ташин баяр хүргэсэн юм.
Энэ жилийн 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин Дональд Трамптай өрсөлдөхөөр болсон дэд Ерөнхийлөгч асан Жо Байден даваа гарагт Флойдын гэр бүлтэй уулзаж, мягмар гарагт болсон оршуулах арга хэмжээнд хүндэтгэлийн зурвас илгээжээ. Тэрээр сонсох бас эмчлэх цаг ирсэн хэмээн зурвастаа онцолжээ.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.