Катар улс энэ сарын 15-наас коронавирусийн хязгаарлалтуудыг дөрвөн үе шаттай төлөвлөгөөний дагуу цуцалж эхлэхээр болсныг тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лулва Рашед аль-Хатер мэдэгджээ. Энэ өдрөөс эхлэн зарим сүм хийд дахин нээгдэж, гадаад руу нислэг үйлдэх боломжтой болох юм.
Уг төслийн хоёр дахь үе шат долдугаар сарын 1-нд, гурав дахь шат нь наймдугаар сарын 1-нд, сүүлийн арга хэмжээнүүд есдүгээр сарын 1-нд тус тус эхэлнэ. Хоёр дахь үе шатны хүрээнд ресторануудыг хэсэгчлэн нээх бол наймдугаар сарын 1-нээс эхлэн эрсдэл багатай орнуудаас нислэг хүлээн авч, худалдааны төв, захуудыг үйлчлүүлэгчдийн тоонд хязгаарлал тавин, эргэн нээх гэнэ.
Нислэгүүдийн хувьд оршин суух визтэй хүмүүст давуу эрх олгоно. Мөн Катарт нэвтэрсэн хүн бүр өөрийн зардлаар тусгай зориулалтын зочид буудалд хоёр долоо хоног тусгаарлагдах ёстой.
Ингээд сүүлийн буюу дөрөв дэх үе шат хэрэгжсэнээр бүх сүм хийд хэвийн үйл ажиллагаандаа шилжин, нислэгийн хуваариудыг өргөтгөх аж. Түүнчлэн хуримын үдэшлэг, үзэсгэлэн худалдаа гэх мэт бизнес уулзалтуудыг зөвшөөрөн, театр, кино театрууд үүд хаалгаа эргэн нээнэ. Мөн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагуудад тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болжээ.
Одоогийн байдлаар Катар улсад нийт 70,158 коронавирусийн тохиолдол бүртгэгдэн, 57 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.