Харвардын анагаах ухааны сургуулийн шинэ судалгаагаар Ковид-19 хэмээн дэлхий дахинд нэрлэсэн коронавирус өнгөрөгч 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр биш, өнгөрсөн жилийн наймдугаар сараас Хятадад тархаж эхэлсэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Уг таамгийг гаргахдаа судалгааны баг хиймэл дагуулын зургуудыг ашигласан байна. Ингэхэд Хубей мужийн Ухань хотын эмнэлгүүдэд наймдугаар сараас эхлэн ачаалал ихэсч, хөл үймээнд дарагджээ. Харвардын анагаах ухааны сургуулийн баг дээрх дүгнэлтийг гаргахдаа интернэт сүлжээн дэх хайлтуудыг ч мөн нягталсан байна.
Судалгаанд дурдсанаар 2019 оны зун, намарт Ухань хотын таван эмнэлгийн гадаах зогсоол дээр автомашинууд эрс ихэсч, зогсоолууд дүүрэх болжээ. Энэ нь 2018 оныхоос эрс нэмэгдсэн үзүүлэлтийг харуулсан байна. Тиймээс наймдугаар сараас халдвар тархаж эхлэн, 12 дугаар сард мэдэгдэх үед халдварын оргил үед хүрсэн байсан гэж таамаглажээ.
Тодруулбал 2018 оны аравдугаар сард Уханий томоохон эмнэлгүүдийн нэг Тяньюгийн зогсоол дээр171 автомашин тоологдсон байна. Үүнээс хойш жилийн дараа зогсоол дээр ирэх автомашины тоо 67 хувиар нэмэгдэж, 285 тээврийн хэрэгсэл тоологджээ. Мөн зургаан эмнэлгийн тав нь өдөр тутмын үйл ажиллагааны ачаалал ихэссэн шинж ажиглагдсан байна.
Мэдээллийг баталгаажуулахад хувь нэмрээ оруулж буй өөр нэг зүйл нь өнгөрсөн жилээс ходоод гэдэстэй холбоотой суулгалт зэрэг өвчний хайлт нэмэгджээ. Одоогийнхоор Ковид-19 коронавируст халдварын гол шинж тэмдгийн нэг нь ходоод гэдэс хямрах гэдгийг эрдэмтэн судлаачид мэдэж авсан. Ухань хотод гэдэсний суулгалт болсон хүмүүст шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.