СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йоркийн цагдаа саваагаар тоглож байсан 8 настай хүүг гавлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Саваа модоор тоглож байсан найман настай хүүг цагдаа нар гавлаж, хэсэг рүү авч явжээ. Өнгөт арьстай 11 настай хүүг цагдаа нар зогсоож, гар барьсныхаа дараа шоолсон байна. Мөн 17 настай өнгөт арьстай хүүг үүргэвчээ бариад явж байхад нь хашлага руу түлхжээ...

Энэ бол Нью-Йоркийн цагдаа нарын ойрын хугацаанд гаргасан зүй бус үйлдлүүдийн ердөө нэгээхэн хэсэг нь юм. Энэ талаар иргэдийн санал гомдол хүлээж авах Нью-Йорк хотын албанаас ирүүлсэн бөгөөд хэргүүдийг мөрдөн шалгаж, цагдаа нартай холбоотой санал гомдлыг ийн шүүжээ. Эдгээр мэдээлэл дунд өнгөт арьстай хүүхдүүдийг ердөө алгаа цохих, гүйж харайх, цүнхээ нуруундаа биш гартаа барих, тоглож байхад нь буюу гэм зэмгүй байхад нь цагдаа нар албадан саатуулах, гавлах зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдлууд байна.

Нэг тохиолдлыг сийрүүлбэл 2018 оны гуравдугаар сард 8-14 настай өнгөт арьстай болон Испани гаралтай хөвгүүд инээлдэн гэр лүүгээ алхаж байжээ. Тэдний зарим нь газраас саваа мод олж тоглож байсан байна. Энэ хооронд цагдаагийн машинууд явган хүний зам дээр гарч ирэн, цагдаа нар машинаасаа бууж буу гарган хөвгүүдийг хана луу харахыг шаарджээ. Хөвгүүд зэвсэггүй байсан ч саатуулан, гарыг нь гавласан байна. Энэ үйл явдалд цагдаагийн хүчний 8-10 машин, 10-16 офицер байлцжээ.

Тус газраас 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны зургадугаар сарын хооронд хотын хүүхэд залуустай холбоотой 112 хэргийг бүрэн мөрдөн шалгасан байна. Ингэхэд цагдаагийн ажилтнууд болон Африк гаралтай өнгөт арьстай өсвөр насны хүүхэд залуусын хоорондох харилцаа анхаарал татжээ. Харамсалтай нь цагдаагийн ажилтны зүй бус үйлдэл хүүхэд залууст ч илэрч байгааг гэрчлэх мэдээллүүд их байна гэдгийг хотын иргэдийн санал гомдол хүлээж авах газрын дарга Фред Дэви хэлсэн байна.

Түүнчлэн цагдаагийн ажилтны хороосон өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхлийн дараа нью-йоркчууд хотоо бүхэлд нь өөрчлөхийг хүсэх болсон гэдгийг тэрээр дурджээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэн жагсаж буй иргэд хотын дарга Билл де Бласиод хандан цагдаагийн хүчний байгууллагын хөрөнгө санхүүг дахин төсөвлөж, сангийн хөрөнгийг залуучууд болон нийгмийн халамж үйлчилгээ рүү төвлөрүүлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.