Монгол улсад өчигдрийн байдлаар коронавирусийн 194 тохиолдол бүртгэгдэж, 75 хүн эдгэрээд байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй, харин арван өвчтөн эдгэрч, сувилал руу шилжсэн талаар мэдээллээ.
Дэлхийн 216 орон нутагт коронавирус бүртгэгдэж, нийт 7,184,000 хүнд халдварын тохиолдол илэрч, 408,000 хүн нас баржээ. Одоогоор дэлхий нийтэд 3.5 сая хүн эдгэрч, 3.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд 102 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа.
Манай улстай хил залгадаг Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 44-88 хүнээр нэмэгдсэн. Эрхүү хотод өвчлөл 85 хүнээр нэмэгджээ.
Зонозын өвчин судлалын баг өчигдөр Сидней-Улаанбаатарын үүргийн онгоц, арван автобус, нэг буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, ирсэн хүмүүсийн ачаа тээшийг халдваргүйжүүллээ.
Өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 262 иргэнийг хүлээж авснаас толгой өвдөж, ханиалгаж байсан хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элгэний хатуурал, зүрхний стем тавиулсан 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бусад иргэдийг бүгдийг нь тусгайлан бэлдсэн ажиглах байруудад байрлуулсан.
Ирсэн иргэд дотор жирэмсэн 15, хүүхэд 79, архаг хууч өвчинтэй 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүн байгаа. Нийтдээ тусгаарлах байранд 122 хүн, эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1,512 хүн ажиглалтын байранд байна. Давхардсан тоогоор одоог хүртэл нийт 17,341 хүнд лабораторийн шинжилгээ хийгээд байна. Улаанбаатарт нийт 399 хүн гэрийн тусгаарлалтад байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны зургадугаар сарын 8-нд ХӨСҮТ-өөс нийт 20 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илэрсэнгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид мөн 20 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Замын үүд суманд тусгаарлагдсан 4 хүнээс, ХӨСҮТ дэх 15 хүнээс давтан шинжилгээ авахад мөн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Эдгээр нь бүгд 18-25 насны оюутнууд.
Түүнчлэн 20 минутад эсрэг бие илрүүлдэг Швейцарийн 400 оношлуурыг ХӨСҮТ хандивын замаар хүлээн авсан.
ЭМЯ-наас сонгуультай холбоотой зөвлөмж гаргаад, УОК-оос дээр нь нэмэлт хийн боловсруулаад Засгийн газраар батлуулсан. Ерөнхийдөө сонгуулийн үйл ажиллагааг СЕХ зохицуулна, мэргэжлийн хяналт, холбогдох байгууллагууд хяналт тавьж явж байгаа.
Ачаа тээврийн хувьд яаж халдваргүйжүүлэх зөвлөмжийг ЭМЯ-наас гаргасан, харин 21 хоног тусгаарлах зөвлөмжийг бол бид өгөөгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
21 хоног хорионд байлгаад шинж тэмдэг илрэхгүй бол гаргана гэсэн яхсан бэ Ар гэрийнхэнд нь тодорхой мэдээлэл үгүй хэцүү байна шүү дээ Хамт ирсээд ХӨСҮТрүү очсон хүн нь гарчхаад байхад магай хүүхэд алга эрүүл юм бол гаргаачээ