Израиль Иордан голын баруун эргийг хүчээр нэгтгэхэд бэлэн
Израиль улс Палестиний асуудлыг нэгмөсөн шийдэж, Иордан голын баруун эргийн нутгийг хүчээр авахад бэлэн гэж мэдэгдлээ. Палестинчууд түлхүү суурьшсан энэ бүсийг Израиль эзэлсэн гэж НҮБ үзэж буй. Палестин үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэх зуур Израилийн армийнхан долдугаар сарын 1-нээс эхлэх тусгай ажиллагаанд бэлдэж байна. Газар нутгийн энэхүү маргаанд израильчуудыг АНУ дэмжих зуур энэ газар нутаг түүхэндээ Иорданд харьяалагдаж байсан бас нэгэн асуудал гарч ирлээ. Ойрхи Дорнодын мөнхийн маргаанд орж ирсэн энэ “Шинэ тоглогч”-ийг Палестиний террористууд дэмжиж буй.
“Ирэх долдугаар сард Израиль үнэхээр Иордан голын баруун эргийг өөртөө нэгтгэвэл бидэнтэй том мөргөлдөөний эхийг тавих болно” гэж Иорданы хаан Абдалла II ибн Хусейн аль-Хашими мэдэгдлээ. Хэрэв нөхцөл байдал ингэж эргэвэл Палестиний үндэсний захиргаа задарч, бүсийн хэмжээнд эмх замбараагүй байдал, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа газар авч магадгүйг тэрбээр мөн анхааруулав.
Иордан голын баруун эрэг, Иорданы хөндийг еврейчүүд бий болсон, хөгжсөн газар нутаг, тиймээс олноор суурьших эрхтэй гэж үзэж буй Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдэл, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэх цэргийн ажиллагаа, үүнд еврейчүүд бэлдэж буй зэрэг нь Ойрхи Дорнодод шинэ зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлж болзошгүйг олон улсын ажиглагчид ч анхааруулж байгаа юм. Иорданы эрх баригчдын эрс мэдэгдэл, Израилийн талын энэхүү шийдвэр нь хоёр улсын хооронд 30 орчим жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг сэргээж ч магадгүй.
Угтаа Киприйн газар нутгаас ч бага, 5000 хавтгай км талбайтай энэ хэсэгхэн газрын төлөө хоёр улс, мөн палестинчууд ийн тэмцэлдэж байгаа нь бүс нутгийн, бүр цаашлаад шашны шинжтэй зөрчлийн илрэл гэж шинжээчид үздэг. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээр, маргаантай бүсийн оршин суугчдын олонх нь исламын шашинтнууд, тодруулбал суннит урсгалынхан бөгөөд 14 хувь нь иудейн шашинтан, 2.5 хувь нь Христийн шашинтнууд ажээ. Хэдэн арван үеэрээ тэнд амьдарч буй палестинчууд, түүхийн хувьд өлгий нь байсан гэж олноор суурьшин, цэрэг, техникээ байршуулж буй израильчуудын аль аль нь “Анхнаасаа манай нутаг байсан” гэдэг үндэслэлийг хэлж буй. Харин түүх сөхвөл, энэ бүс Иудеи, Ромын эзэнт гүрэн, Арабын халифат, Египет, бүр Монголын эзэнт гүрний мэдэлд ч байсан үе бий.
Иордан голын баруун эргийг хамгийн сүүлд эзэмшиж байсан улс бол Их Британи бөгөөд Палестины мандат буюу Иордан Улс ч багтсан нэгдэл байлаа. Трансиорданы Эмират гэгдсэн энэхүү нэгдэл задарч, Палестин, Израиль байгуулагдсанаас хойш 1993 оны энхийн гэрээгээр Иордан голын баруун эргийн зарим хэсэг израильчууд, зарим хэсэг палестинчуудын мэдэлд очсон ч зөрчил, мөргөлдөөн тасраагүй. Хоёр талын энэ маргаанаас үүдсэн дайныг ашиглан Иордан 1960 онд газар нутгийг өөртөө нэгтгэсэн билээ. Үүнээс зургаан жилийн дараа, зургаан өдрийн турш үргэлжилсэн байлдааны дүнд Израиль бүсийг хяналтдаа авч чадсан бөгөөд 1988 онд Иорданы Хаан Хусейн ибн Талал газрын төлөөх тэмцлээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ цэргийн ажиллагаа, байлдаан, армийн алба хаагчдад зарцуулах их хэмжээний хөрөнгө хэмнэсэн Иордан Израильтай харилцаагаа сайжруулж, энхийн гэрээ байгуулав. Гэсэн ч тэд еврейчүүд рүү байнга довтолдог террорист бүлэглэлийг санхүүжүүлэхээ зогсоогоогүй гэдэг.
Одоо нөхцөл байдал ийнхүү эргэж, тоглоомд Иордан оролцож буйд шалтгаан бий. Иордан улсын газар нутаг жижиг, байгалийн баялаг багатай, усны хомсдолтой. Мөн Египтээс Израилийн газар нутгаар дамжсан байгалийн хийнээс эрчим хүчний эх үүсвэрээ хангадаг. 2019 оны байдлаар Иорданы ундны усны нөөц хоёр сая хүнд хүрэлцэхээр байсан бөгөөд цэвэр ус Израилиас худалдаж авсан. Израилиас хий, усаа авдаг, нөгөө талаар палестин бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж буй Иордан ийн мэдэгдэж буй нь шинэ, ноцтой зөрчил, удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй зэвсэгт мөргөлдөөн, дайны эхлэлийг тавьж магадгүй.
Бүсийн маргаанд, өөрөөр хэлбэл Израиль, Иорданы харилцаа муудсанд бас нэгэн шалтгаан бий. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа бусад бүс, улсын ашиг сонирхлыг хүндэтгэж буй мэт боловч Израилийн талыг байнга дэмжиж ирсэн. Иерусалимыг Еврейн улсын нийслэл гэж зарласан нь Иордан голын баруун эрэг, Газын зурвас болон Иорданы хөндий ч Израилийн талд орж байгааг “тунхагласан” хэрэг болж байгаа юм.
ОЙРХИ
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа иргэд яахаараа террорист болдог юм бэ битгий хачин юм бичээд байгаараа. Өдөр бүр үр хүүхдүүд чинь үхэж, эхийг чинь охин үрсүүдийг чинь бузарлаж, түүний эсрэг зогсохоор террористоороо олон улсад цоллуулж байна. Үүнийг барууныхан энхийг сахиулах ажиллагаа гэж нэрлээд байдаг.