СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-06-09

Гал сөнөөгч О.Отгон-Эрдэнэ: Тэвдэж, уйлж, аргаа барж байгаа хүний харцыг харах л хэцүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улсын их дэлгүүрт өнгөрсөн ням гарагт гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч гурван цагийн турш түймрийн голомтод ажилласан билээ. Дүрэлзэн асаж буй гал руу олон аавын хүүтэй мөр зэрэгцэн орж, гал унтраахад гар бие оролцсон залуу бүсгүйн зураг цахим орчинд тархсан. Эх орныхоо төлөө халуун амиа үл хайхран зүтгэж, аюул бүхнийг сөрсөн гал сөнөөгч бүсгүйг Отгонтөгсийн Отгон-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгч. Зүгээр ч нэг гал сөнөөгч бус, эрчүүдийг ахалж, үүрэг, тушаал өгдөг салаан захирагч. 23-хан настай гал сөнөөгч бүсгүйтэй ярилцлаа. 

-Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажилласан олон алба хаагчын нэг нь та. Тэр дундаа тэнд ажилласан ганцхан эмэгтэй гал сөнөөгч. Онцгой байдлын албанд ажиллаад хэр удаж байна вэ?

-Хүүхэд байхаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар 2014 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Онцгой байдал, гамшгаас хамгаалах алба мэргэжлээр суралцаж, 2018 онд төгссөн.

Их сургуулиа төгсөөд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид салаан захирагчаар томилогдож байлаа. Нийслэлд байгаа аврах ангиудад 7-10 эмэгтэй гал сөнөөгч салаан захирагчаар ажилладаг. Тэнд ажиллаж байгаад, өөрийнх хүсэлтээр энэ оны нэгдүгээр сараас Баянзүрх дүүргийн аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангид шилжиж ирсэн. Манай анги дөрвөн салаатай, үүний нэгийг нь би удирддаг юм. Манай ангид өмнө нь эмэгтэй салаан захирагч байгаагүй. Би хамгийн анхны эмэгтэй салаан захирагч.

Манай анги I зэрэглэлтэй буюу хамгийн их дуудлагад явдаг. Би 1997 онд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай. Аав, ээж, ах, дүүгийн хамт, ам бүл зургуулаа Баянзүрх дүүрэгт амьдардаг. Энэ мэргэжлийг эргэж буцалтгүйгээр сонгоход нөлөөлсөн хүн бол миний аав. Аав маань Дотоод хэргийн их сургуульд жолооч хийдэг юм. Намайг цэргийн хүн болно гэхээр аав “Онцгой байдлын алба эмэгтэй хүнд их ээлтэй” гэж хэлдэг байлаа. Тэгээд л би онцгойгийн хүн болохоор шийдсэн.

-Анх ямар дуудлагад явж байв. Шинэхэн төгсөгч салаа удирдахад хэцүү байв уу?

-Миний хамгийн анхны галын дуудлага “Хархорин” захын орчимд байрлах “Эрин” хороололд айлын тагтан дээр гал гарсан дуудлага байлаа. Анх галын дуудлага ирэхэд л сандарсан. Нэг мэдэхэд гал сөнөөгчийн хувцсаа өмсөөд, салааныхантайгаа машиндаа суучихсан, гал түймрийн байрлалыг асуугаад явж байсан. Биднийг очиход найман давхарт хөнжил дөнгөж шатах гээд уугиж байв. Хамт олон маань туршлагатай, мундаг гал сөнөөгчид учраас надад тусалж, бид бүгдийг аюулгүй болгоод харьж байсан. Тэндээс л ажлын гараагаа эхэлсэн дээ. Эмэгтэй хүн салаа удирдана гэдэг нэг бодлын хэцүү.

Гэхдээ сургууль маань “Эмэгтэй хүн ч гэсэн мэргэжлийг нь эзэмшиж байгаа юм чинь салаа удирдах ёстой. Хүнтэй ажиллаж, хүн чиглүүлж чадна” гэж сургасан. Бидний ажлын гарааны эхний албан тушаал салаан захирагч байдаг юм. Шинэхэн төгсөгч насаараа онцгой байдлын албанд ажиллачихсан, бараг аав шигээ хүмүүсийг чиглүүлж, удирдана гэхээр санаанд багтдаггүй байлаа. Ажил маань болохоор сурч байна. .

-Олон эрэгтэй хүнийг нэг хүн шиг чиглүүлж, албаа нэр төртэй хаана гэдэг хамгийн сайхан нь байх. Алба хаагчидтайгаа ажилладаг арга барил нь юу вэ?

- Аль болох хүмүүсээ ойлгож, эвээр ярих сан гэж хичээдэг. Алдаа дутагдал гаргадаггүй хүн гэж байхгүй учраас тэр бүрт ярилцаж, ойлголцож, бие биенээсээ туршлага судалж, хамтарч ажилладаг. Ажлын талбарт ажиллахад бие биенийгээ ойлгох шиг сайхан зүйл байхгүй. Залуу хүн болохоор туршлагатай хамт олноосоо цаг үргэлж суралцдаг.

-Гал сөнөөгч байхын хамгийн хэцүү нь юу вэ?

-Орон гэр, насаараа цуглуулсан эд хөрөнгө, өмсөх хувцсаа шатахыг хараад, тэвдэж, уйлж, аргаа барж байгаа хүмүүсийн харцыг харах хамгийн хэцүү байдаг. Хүмүүс галын дуудлага өгөөд л шууд галын машин хашааных нь үүдэнд ирэх юм шиг санадаг. Хэдийгээр бид дуудлага хүлээж аваад, шууд гардаг ч өөрсдөөс шалтгаалах хүчин зүйлээс бус, мухар гудамж, орц, гарцаас болоод хугацаа алдах үе цөөнгүй. Галын дуудлагад явах бүрт айдастай. Ямар дуудлага байгаа бол, гал нь хэр дэлгэрсэн, том хэмжээг хамарсан болов уу гээд их зүйл бодогддог.

Хамгийн хэцүү нь, гал гарч байгаа газарт хүн байгаа болов уу, угаартсан бол яана, хүн амиа алдчих вий гэж бодох. Машин дотор тогтож сууж чаддаггүй юм. Биднийг очиход хашааныхаа үүдийг онгойлгоод, хүлээж байгаа хүмүүсийг харах амаргүй. Хурдхан шиг л бүгдийг аюулгүй болгох юм сан гэж хичээдэг. . Дуудлагаас буцах хамгийн гоё. Хэдэн цаг ч ажилласан хамаагүй хүний амийг л галд өртүүлчихгүй юм сан гэж боддог.

-Гал унтраахаар эмэгтэй хүн очихоор хүмүүс гайхдаг уу?

-Хонх дуугарангуут галынхаа хуудсыг авч машиндаа суугаад, очих газрынхаа хаягаа лавладаг. Гал гарсан газраас төв шугам хэдэн метр байна вэ гэдгийг тооцоолж, ус авах газраа бүгдийг тооцоолдог. Галын машин дохиогоо асаагаад, дотор нь эмэгтэй гал сөнөөгч суугаад явж байхаар хүмүүс гайхдаг. Бүр зарим нь цоо ширтээд байдаг. Би жаахан биетэй болохоор хүмүүс “Энэ жаахан амьтан яаж хүн удирдаад, гал сөнөөгчөөр ажилладаг байна” гэдэг.

Гал унтарсны дараа манай алба хаагчдаас “Танай дарга хаана байна” гэхээр нь над руу заахаар мэл гайхаж орхидог.

-Та хэдийг очиход Улсын их дэлгүүрт гарсан түймрийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Би өмнөх өдөр нь жижүүртэй байсан болохоор анги дээрээ бэлтгэл, бэлэн байдлаа хангаж байлаа. Галын дуудлагын дагуу эхлээд манай үндсэн ээлж гурван машинтай очсон. Дараа нь бэлтгэл ээлжийнхэн хүч нэмэгдүүлж очиход би салаагаа удирдсан.Тухайн үед биднийг очиход Улсын их дэлгүүрийн дээврийн хэсэг бүрэн галд автчихсан байлаа. Манай ангийн бие бүрэлдэхүүн Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд машин, техникээ байрлуулж,аврагч нартаа гал унтраах бодис өгсөн. Их хэмжээний утаа гарч байсан учраас эхлээд усаар саармагжуулж, тархалтыг нь дарж ажилласан.

Энэ миний ажилласан анхны томоохон хэмжээний гал. Олон хүний хүч хөдөлмөрөөр тус галыг унтраасан. УСУГ, “СҮҮ” УБТЗ зэрэг компаниуд өөрсдийн машинаар ус зөөж, чадах чинээгээр тусалсан. Манай ангийн хувьд галын голомтод гурван цаг орчим ажиллалаа.

-Гал унтрааж буй гэрэл зургуудад харах орчин хязгаарлагдсан хар утаа дунд гал сөнөөгчид хэцүү байдалтай ажиллаж байгаа харагдсан. Тэр их гал руу бага хэмжээгээр ус цацаад байгаа юм шиг?

-Бид өдөр бүр нарийн хуваарьтайгаар ажил дээрээ тогтмол бэлтгэл хийдэг. Хувцас, техник хэрэгсэл хангалттай байгаа. Манай анги зургаан гал унтраах том оврын машинтай. Ой хээрийн багаж хэрэгслээр тоноглогдсон машин, техниктэй. Гурав нугардаг буюу есөн давхар хүртэл сунадаг аваарын шатан дээр аврагчажиллаж байсан болохоор бага ус харагдсан байх. Тэрнээс техник хэрэгслийн хувьд дутагдалтай, хүндрэлтэй зүйл байхгүй.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Овгон
4 жилийн өмнө
176.214.202.179

Гайхалтай сайхан баатарлаг мэрэгжилд дуралсан агуу зоригтой бахархам бусгуй нэргуй баатарууд шуудээ.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.172

Emegtei hund hetsuu alba bie e sain bodoj ybaarai

Дулмаа
4 жилийн өмнө
66.181.161.114

Ёстой л ассан гал шиг дүрэлзсэн залуу нас даа.Биeэ бас нөхдөө хайрлаж яваарай. Амжилт хүсьe. Бахархаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.