14 настай хятад хүү Жан Жиачэн ганц гартай хэдий ч сагсан бөмбөгийн гайхалтай чадвараа хөгжүүлжээ. Тэрээр 5 настай байхдаа ослын улмаас баруун гараа тайруулсан байна. Гэвч тэрээр 12-тойгоосоо хойш өдөр бүр хоёр цаг сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд ердөө хоёр жилийн дотор олныг гайхшруулсан чадвартай болжээ.
Саяхан түүний нэгийн эсрэг нэг тэмцээний бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тренд болж, Жан Жиачэн цахим од болоод байгаа юм. БНХАУ-ын “Weibo”-д тавигдсан түүний бичлэгүүд хэдэн арван сая үзэлт хамаад байна.
Түүнчлэн мэргэжлийн сагсан бөмбөгчид ч түүний ур чадварт гайхшран, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсний дотор NBA-гийн супер од Стефен Карри хүүгийн бичлэгийг үзээд, өөрийн албан ёсны “Weibo” хуудас дээрээ түүнийг хэн болохыг олон нийтээс асуусан. Ингээд удалгүй тэрээр Жан Жиачэнд урам зориг өгөхөөр видео мессеж илгээсэн байна.
Тэрээр “Жиачэн, юу байна даа, би Стефен Карри байна. Чи бол бусдад урам зориг бэлэглэгч гэдгийг би хэлэхийг хүссэн юм. Чи "үгүй" гэсэн хариултыг хүлээж авдаггүй. Чи хэцүүг даван туулах замыг олж, сагсан бөмбөгийн талбай дээр гаран, энэ тоглоом чамд ямар их ач холбогдолтой болохыг хүмүүст харууллаа. Чамайг тоглохыг харах үнэхээр гайхалтай. Чамайг аливааг хийж чадахгүй гэж боддог хүмүүст чадна гэдгээ, бүр гайхалтай хийж чадна гэдгээ баталсаар байгаарай. Чамд болон гэр бүлд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Битгий бууж өгөөрэй, би чамайг дэмжиж байгаа шүү, дараа ярья. Баяртай” гэв.
Жан Жиачэны ур чадвар олонд танигдсанаас хойш түүнийг Хятадын “Гуандун Өмнөд Барс” сагсан бөмбөгийн баг тоглолтдоо урьжээ. Мөн тус багийн ерөнхий менежер Жаныг өөрийнхөө харж байсан хамгийн шилдэг залуу сагсан бөмбөгчин гэж нэрлэсэн байна.
Одоо өдөрт таван цаг хичээллэн, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа Жан Жиачэн “Би сагсан бөмбөг тоглохдоо илүү өөртөө итгэлтэй, илүү аз жаргалтай болдог. Би хэзээ тоглохоо болихгүй. Би энэ спортод хайртай. Хэзээ нэг өдөр мэргэжлийн сагсан бөмбөгчин болоод, намайг илүү олон хүн үзэх боломжтой олон улсын тэмцээнд оролцохыг хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: South Morning China Post, CGTN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
gaihaltai