“Баярлалаа” гэдэг үгээр “услагдаж”, “ургаж” байдаг хүмүүсийн нэг бол эмч нар. Коронавирусийг эмчилж буй ХӨСҮТ-ийн эмч нараас ярилцлага авах бүрт тэд “Би ганцаараа биш ээ. Хамтын хүчээр өвчтөнүүдээ эмчилж байна” хэмээн даруухан өгүүлдэг юм. Коронавирусийн халдварын голомтод ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд амрах завгүй хүчин зүтгэж буй ХӨСҮТ-ийн эмч Ганбаатарын Хоролгаравтай ярилцлаа.
-Коронавирусийн халдварыг дотооддоо тархаагаагүй цөөн улсын нэг нь манайх. Халдварын тохиолдол өдөр өдрөөр нэмэгдсээр 193-д хүрлээ. Гэхдээ манай эмч нар халдвар авсан хүмүүсийн 75-ыг нь эдгээсэн сайхан мэдээ бий. Тэдгээрийн 13-ыг таны удирдсан баг эмчилсэн гэсэн. Өвчтөнүүдээ эмчилсэн арга барилаасаа хуваалцахгүй юу?
-ЭМЯ, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба энэ оны нэгдүгээр сараас коронавирусийн үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж, тушаал журмуудыг боловсруулж заавар зөвлөмжийг бэлдэж эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад өгч эхэлсэн. Манай улс БНХАУ-тай хилэлдэг учраас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх хамгийн эрсдэл өндөртэй орны нэг. Халдвар хилээр орж ирэх магадлалтай тул Засгийн газарт энэ байдлаа танилцуулж, шат дараатайгаар хөл хорио тогтоосны хүчинд халдварыг дотооддоо алдсангүй.
Манай улсад анх гуравдугаар сарын 9-нд Франц Улсын иргэнээс "Ковид-19"-ийн халдвар илрэх үед би жижүүртэй байж таарсан. Тухайн хүнтэй уулзсан, цуг ажиллаж байсан бүх нэгдүгээр хавьтлыг нь тагнуул, цагдаагийн алба хаагчид, манай эмнэлгийн хамт олон маш хурдан хугацаанд илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Дотооддоо халдвар тархаагүй байсан нь ЭМЯ зөвлөж байсан зөвлөмжийн манай ард иргэд маш сайн хэрэгжүүлж маскаа зүүж, гараа тогтмол угааж халдваргүйтгэж хэвшсэн нь харагдсан. Анхны тохиолдлоос хойш чартер нислэгээр ирсэн хүмүүсээс халдвар илэрч, өдгөө 193-д хүрлээ. Би ХӨСҮТ-д ажиллаад 10 жил болж байна. Насанд хүрэгчдийн эмэгтэй шарын тасагт их эмчээр ажилладаг.
Манай эмч нар аль тасагт халдвар их байна, тэнд ээлжилж ажилладаг юм. Одоогоор коронавирусийг эмчлэх багт ээлжээр хуваарийн дагуу ажиллаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд тусгай үүргийн Москва-Берлин чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсээс халдвар илэрч коронавирусийн I хавьтлуудтай 21 хоног, тавдугаар сарын 11-нээс коронавирусийн халдвартай өвчтөнүүдтэй өнөөдрийг хүртэл гэртээ харилгүй нийт 49 хоног тусгаарлагдаж, ажиллалаа. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилсэн, сувилсан,эмнэлгийн ажилчид өөрсдөө 14 хоног тусгаарлалтад орж хоёр удаагийн шинжилгээ өгч эрүүл гарсан тохиолдолд гэр бүл, үр хүүхдэдээ очих эрхтэй болдог.Энэ нь гэр бүлээ халдвараас хамгаалахаас гадна эмч эмнэлгийн ажилчид олон хүнтэй харьцдаг учраас халдвар эмнэлгээс шалтгаалан тархахаас сэргийлж буй арга хэмжээ юм.Манай багийн ажиллах хугацаанд 13 хүн бүрэн эмчлэгдэж халдваргүй болоод гарсан.
Коронавирусийг эмчилж буй ХӨСҮТ-ийн Д.Хоролгарав, Б.Гансайхан эмчийн баг
Гэхдээ эдгэрсэн хүний олонхыг өмнөх багийн эмч нар эмчилж, өвчтөнүүд хүнд байдлаасаа гарчихсан, эдгэрэх шатандаа орчихсон байсан.Манай эмчилгээний багийнханыг ажиллаж байх үед хүн эдгэрч гарахын хирээр оронд нь шинэ хүн ирж эмчилгээнд орж байсан. Тухайлбал, таван сарын 13-нд ирсэн ОХУ-ын цэргийн сургуулийн оюутнуудаас халдвар илэрсэн. Үүнээс манай тасагт эмчлэгдэж байсан хоёр оюутан бүрэн эдгэрч гарсан. Би анх удаа халдварын голомтод тусгаарлагдаж ажиллаж байна. 2010 онд H1N1 амьсгалын замын халдварт өвчин дэгдэж байхад резидент эмч, дараа нь улаан бурхан өвчний дэгдэлтийн үед их эмчээр ажиллаж байлаа. Тухайн үед үүн шиг тусгаарлагдаж, онцгой дэглэмд ажиллаж байгаагүй.
Бид “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллахдаа ДЭМБ-ын зөвлөмж болон ЭМЯ-ны тушаал, эмчилгээний зааврын дагуу ажилладаг. Халдвар авсан хүний биеийн байдал, уушгин дахь үрэвслийн процесс нэг талдаа юу, хоёр талдаа байна уу, эсвэл хавсарсан өөр өвчин байгаа эсэхээс хамаарч эмчилгээ хүн бүрт онцлог байдаг. Вирусийн эсрэг эмнүүдийг эмч сонголтоороо хэрэглэж, халдвар авсан хүний биеийн онцлогт тааруулж эмчилгээгээ хийдэг. Хамгийн анхны тохиолдол дээр Ц.Чинбаяр эмчийн баг гардаж ажилласан. Би гурав дахь ээлжид ажилласан учраас өмнөх эмч нарын арга барил, эмчилгээний үр дүнг үргэжлүүлэн ажилласан. Өмнөх эмч нарын туршлага дараа дараагийн эмчид ажиллах дадлага, арга барил болж байсан. Монгол Улсад ЭМЯ дэргэдэх эмнэл зүйн зөвлөх багийн боловсруулсан эмчилгээний заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа.
-Халдвар авсан хүмүүсийн биед ямар сөрөг үр дагавар гарч байна уу?
-Дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн хамар залгиур болон цус, өтгөнд вирус илрэхээ болиод вирус бүрэн биеэс гадагшласан үед эдгэрлээ гэж авч үзэж байгаа.Энэ зарчмаар манай улсад оношлогдож эмчлэгдсэн иргэдийн дэрэрхи сорьцонд гурван удаа халдвар илрээгүй үед бүрэн эдгэрсэн гэж үзээд дараагийн тусгаарлах байрлуу шилжүүлж байна.Харин энэ халдвар ялангуяа вирус хүний уушгины талбайг хэдий чинээ гэмтээнэ тэр хэмжээгээр уушгинд совижил үүсдэг.Үүнийг цаашид судлах шаардлагатай.Харин манай улсын хувьд шинж тэмдгийг эрт ирүүлж, эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа учраас харьцангуй уушгинд үлдэх сорвижил нь гайгүй гэж бодож байна. Зарим оронд халдвар авсан хүмүүс амьсгалын аппаратад орж байгаа.
Амьсгалын аппаратад орж байна гэдэг нь хоёр уушгийг нэлэнхүйд нь гэмтээсэн гэсэн үг. Олон улсын судлаачидын үзэж байгаагаар архаг суурь өвчтэй хүмүүс ялангуяа хавдартай, чихрийн шижин, амьсгалын эрхтний архаг өвчнүүд, зүрх судасны эмгэгтэй хүмүүс нас барж байгаа гэсэн. Манай улсад бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн олонх нь ОХУ-д сурдаг байсан оюутнууд. Тэд хавсарсан суурь өвчингүй, эрүүл хүүхдүүд болохоор хөнгөн тусаж байна. Мөн тусгай үүргийн нислэгээр ирэнгүүт нь шинжилгээ авч байгаа нь эрт илрүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлж чадаж байна.
-Халдварын голомтод ажиллах хугацаанд тулгамдаж байгаа зүйл байна уу?
-Би гурав дахь ээлжид ажиллаж эхэлсэн болохоор бүх үйл ажиллагаа жигдэрчихсэн байсан. Хэн, юу хийх, халдвар авсан олон хүн ирвэл хэрхэх вэ, хуучин хүнээ эмнэлгээс гаргахад яаж ажиллах гээд бүгд тодорхой болчихсон байсан. Үйл ажиллагааны үед тогтворжсон болохоор голомтод ажиллахад тулгамдсан зүйл байхгүй. Хамгийн гол нь бид өөрсдийгөө “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал. Халдвар дотооддоо алдсан улсуудын эмнэлгийн ажилчдад тулгамдаж байсан зүйл нь хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц, хүрэлцээ муу байсан юм.
Үүнээс болж маш олон эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан нь бидний хувьд сэтгэл түгшээсэн асуудал байлаа. Харин манай улсын Засгийн газар, ЭМЯ үүн онцгой анхаарч, хамгаалалтын хувцас, хэрэгсэл хангалттай гаргаж өгсөн. Ийм учраас сэтгэл санааны хувьд ч тайван байлаа. Халдварын голомтод эмч, сувилагч, асрагч, ариутгагч, халдвар судлагч эмч, лабораторийнхон гээд олон хүн ажиллаж байгаа. Олон хүний хичээл зүтгэл хамтын хүчээр өвчтөнүүдээ эдгээж байна. Бүгд нэг хүн шиг хамтарч, нэгийгээ ойлгож байгаа нь бодит үр дүн юм. Мөн энэ бүгдийг зохион байгуулж, чиглүүлж байгаа бүх хүний хамтын хүч.
-Таны тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм байна. Дараагийн ээлж хүртэл амрах уу?
-Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхний удаа хүүхдүүддээ “Ээж нь 14 хоног болчихоод ирнэ” гээд гэрээсээ гарсан. Гэтэл тэр үед халдварын нууц үе 14 хоногоос дээш хугацаанд илэрч байна гэж судлаачдын үзсэнээр тусгаарлах хугацааг долоо хоногоор сунган 21 болгосон юм. Хүүхдүүд маань эхэндээ жаахан хэцүү байсан ч одоо ээжийнхээ ажлыг ойлгодог болсон. Маргааш (өнөөдөр) гэртээ харих хэдий ч энгийн үед хийдэг ажлаа үргэлжлүүлэн хийнэ. ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусийн халдвар гараагүй байхад ямар ажил хийдэг байсан тэр бүгдийгээ хийж байгаа.
Эмч хүний хамгийн сайхан нь өвчтэй хүнийг эмчлээд, эмнэлгээс гаргах байдаг. Миний ажлын талбарт учирсан, надаар эмчлүүлсэн бүх хүнээ дахин бүү өвдөөсэй гэж үргэлж залбирдаг. Тэр хүмүүсийн ар гэр болон өөрийнх нь хэлэх “Баярлалаа” гэдэг үг юу юунаас илүү хамгийн сайхан мэдрэмж, аз жаргалыг өгдөг. Манай Ц.Чинбаяр эмчийн хэлсэн “Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан” үг эмч бүрийн хамгийн сайхан мөч байдаг болов уу. Тийм учраас амрах чухал биш ээ. Харин ч энэ онц чухал үед улс орныхоо, ард иргэдийнхээ төлөө өөрийн чадах зүйлээрээ хүчин зүтгэж байгаадаа баяртай байна. Ажлаасаа урам зориг авах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.
-Коронавирусийн анхны тохиолдол илрэхэд монголчууд цочирдож хүлээж авч байсан. Харин халдвар авсан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед иргэд харьцангуй тайван болчихсон байна. Та нарын сэтгэл зүй ямар байна вэ?
-Чартер нислэгээр иргэдээ авчрах тусам халдварын тохиолдол хэдэн арваараа нэмэгдэж байсан нь санаа зовоож байлаа. Өвчлөл ихтэй улсад түр хугацаагаар болон оршин сууж байгаа манай улсын иргэн тэнд хэдий чинээ удна, төдий чинээгээрээ халдвар авах эрсдэлтэй. Бушуухан шиг вакцин гараасай гэж хүлээж байна. Ажиллах чиглэл, арга барил гээд бүгдийг зохион байгуулалтайгаар хийж байгаа тул сэтгэл санаагаа хэдийн бэлдчихсэн. Бид бүх хүний л адил “Коронавирусийн халдвар дуусаасай” гэж хүсэж байна.
-ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр халдвар авсан хүмүүсийн 21-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн. Хүндэвтэр гэдгийг иргэд амьсгалын аппаратад орох хэмжээнд уушги нь устгасан ч гэдэг юм уу, айдастай хүлээж авч байгаа. Эдгээр хүний биеийн байдал ямар байна вэ?
-Манай улсад амьсгалын аппаратад орох хэмжээний хүндэрсэн хүн байхгүй. Учир нь, эрт оношилж, эрт эмчилгээ хийж байгаа тул хүндрэх эрсдлээс сэргийлж чадаж байгаа. Халдвар авсан зарим хүнд хатгалгаа үүсэж, тухайн хүний нас, биеийн онцлогоос шалтгаалж эмчилгээний дараа бүрэн шимэгдэж, эдгэрч байгаа. ДЭМБ-аас гаргасан удирдамжид “Ковид-19”-ийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд гэж оношийн хувьд ангилдаг. Хөнгөн гэдэг нь уушгины хатгалгаагүй гэсэн үг. Харин хүндэвтэр нь хатгалгаатай байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр 21 хүн хатгалгаатай байна гэсэн үг. Бусад хүнд хөнгөн туссан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жинхэнэ галын шугаман дээр байгаа хүмүүс бол дарга нар биш шүү эд нар.Шагнал урамшуулалын тэд битгий булаачихаасай