УИД-ийн зургаа болон дээврийн хэсэгт гал гарсан талаар шууд дамжуулсан билээ. Тэгвэл гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын Их дэлгүүрийн зургадугаар давхарт гал гарлаа гэх дуудлага 16:48 цагт ирсний дагуу нийслэлийн Гал унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Улсын их дэлгүүрт гал гарсан дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоо ангийн 230 гаруй алба хаагч ажиллав.
Галаас 11 иргэнийг аварсан бөгөөд угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн.
Галын улмаас УИД-ийн зургадугаар давхар болон дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй гэдгийг албан ёсоор хэлье. УИД дотор дэлбэрэлт болсон. Уг дэлбэрэлт тус дэлгүүрийн баруун хэсэгт болж, төмөр, тоосго дэлгүүрийн хөндий хэсэгт унасан. УИД нь голдоо хөндий хийцтэй тул агаарын урсгалын улмаас гал хурдан тархсан.
Одоогийн байдлаар галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар засвар хийж байсан иргэдийн буруугаас гарсан байх магадлалтай байгаа ч энэ нь эцсийн дүгнэлт биш юм" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.