Дэлхийн 216 оронд нийт 6 сая 900 мянган халдварын тохиолдол илэрч, 4000 мянган хүн нас баржээ. Одоогоор нийт 3.4 сая хүн эдгэрч, 3.1 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд 108 мянган хүн халдвар авч, нас баралт өмнөх өдрөөс 2000 гаруйгаар буурсан таатай мэдээтэй байна.
Манай улсад 59 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар нийт 1,244 хүн ажиглалтын байранд байна. Архаг хууч өвчтэй 39 хүнд 29 их эмч, эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байна.
Буриад, Эрхүү, Чита, Тувад өвчлөл эрчтэй тархаж байна. Туватай хил залгаа Увс аймгийн Давст сумынхан, ОХУ-тай хил залгаа Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд, малчид хил орчмын нутгуудаар зорчихгүй, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны зургадугаар сарын 6-нд ХӨСҮТ-өөс нийт 217 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч коронавирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 185 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд энэ хүмүүс бол Энэтхэгийн тусгай үүргийн нислэгээр ирсэн ажээ.
Мөн дөрвөн хүн эдгэрч, дараагийн шат руу шилжсэн байна. Ингэснээр батлагдсан тохиолдол 193 болж, эдгэрсэн 75, эмчлэгдэж буй 118 хүн байна.
Биеийн байдлыг дурдвал 95 хүн хөнгөн, хүндэвтэр 23 байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 153 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 35 эмч, сувилагч нар үйлчилж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.