Кэмбрижийн гүн, ханхүү Уильям хөл хорионы үеэр нэрээ нууцлан иргэдэд утсаар тусламж үзүүлэх ажилд сайн дураараа ажиллаж байгаагаа хэлжээ.
Тэрээр хувийн амьдралдаа хүнд байдалд орсон хүмүүст мессежээр дамжуулан тусламж үзүүлдэг “Shout 85258”-т сайн дураараа ажиллаж байгаа гэнэ. Ханхүү Уильям энэхүү сэтгэцийн эрүүл мэндийн буяны ажлын газрын бэлтгэл сургалтанд суусныхаа дараа ийнхүү тусламж хэрэгтэй иргэдэд мессежээр хариу өгөх болжээ.
Энэхүү үйлчилгээ 2000 сайн дурын ажилтантай бөгөөд Уильям хуурамч нэр ашигладаг тул мессеж илгээдэг хүмүүс Хааны гэр бүлийн гишүүнтэй ярилцаж байгаагаа мэддэггүй байна.
“Shout 85258”-г Ханхүү Уильям ба Гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн жил үүсгэн байгуулахад нь тусалж, Хааны гэр бүлийн сангаас гурван сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж байжээ. Үүнээс хойш нэг жилийн дотор уг үйлчилгээний хүрээнд 300,000 гаруй зурвас илгээсэн байна. Тусламж хүсэн мессеж илгээдэг иргэдийн 65 орчим хувь нь 25-аас доош насны хүмүүс байдаг бөгөөд тэдний ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авахыг хүсдэг ажээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.