АНУ-ын Пенсильвани мужид үйлдээгүй хэргийнхээ төлөө 23 жилийн турш цаазаар авах ялаа хүлээн, хоригдсон Уолтер Огрод баасан гарагт шоронгоос суллагджээ.
Түүнийг 1988 оны долдугаар сард Филадельфи дэх хөршийнхөө дөрвөн настай охин, Барбара Жин Хорныг хүчирхийлэн, хөнөөсөн хэрэгт буруутган, хорьж байсан бөгөөд саяхан шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон аж. Мужийн дүүргийн туслах өмгөөлөгч Кэрри Вуд “Бид таны амьдралын 23 жилийг хулгайлаад зогсохгүй, худал хуурмаг дээр тулгуурлан таныг цаазын ялаар заналхийлсэн” хэмээн Огродод хандан хэлжээ.
1988 онд 23 настай байсан Огрод аутизмтай аж. Тэрээр 1992 онд уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэргээ хүлээсэн. Харин 1993 онд, хэргийн анхны шүүх хурлын үеэр Огродын өмгөөлөгчид хэрэг хариуцсан мөрдөгч нар түүнийг хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн маргасан юм. Барбара Жинийн цогцос олдсон зурагтын хайрцгийг гудамжинд тавьж байсан хүнийг харсан таван гэрчийн мэдүүлснээр уг эрэгтэй Огродтой огт адилгүй байжээ.
Энэхүү шүүх хурлаар иргэний төлөөлөгчид санал нэгдэж чадалгүй, Огродыг цагаатгах шийдвэрээр дууссан байна. Гэвч 1996 онд нэгэн шоронгийн хоригдлын өгсөн мэдүүлгийн дагуу Огродод цаазаар авах ял оноон, шоронд хорьжээ.
Үүнээс хойш тэрээр шоронгоос гэм буруугүй гэдгээ мэдэгдсээр, түүний хэрэг орон даяар анхаарал татаад байсан юм. 2018 онд дүүргийн өмгөөлөгч Ларри Краснерын санаачилсан ажлын хүрээнд уг хэргийг дахин хянан хэлэлцэхээр болсон байна. Ингээд энэ оны нэгдүгээр сард хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр Уолтер Огрод Барбара Жинийг алаагүй гэсэн тодорхой шийдвэр гарчээ.
Өмнөх шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох ажил коронавирусийн улмаас хойшлоод байжээ. Огрод ч мөн халдвар аван, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан бөгөөд энэ долоо хоногт бүрэн эдгэрснийх нь дараа сонсголыг цахимаар хийн, тэрээр эрх чөлөөгөө эргэн олж авч чадсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий дөө Аутизмтай хүн муу муухай зүйл бодож үйлдэхгүй ээ.Өрөвдмөөр юм аа