АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард Берни Сандерс сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаас хойш нэр дэвших хамгийн өндөр магадлалтай эрхэм болсон юм. Тэгвэл ВВС агентлагийн мэдээлснээр Байден Ардчилсан намын сунгаанд ялах нь тодорхой болсноор ирэх 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших эрхээ авчээ.
Түүнийг Бүгд Найрамдах намаас нэр дэвших одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөнө хэмээн мэдээлжээ. Тэрээр 1,991 төлөөлөгчийн саналыг авсан бөгөөд “улс орныхоо мөн чанарын төлөө өрсөлдөөнд ялна” гэдгээ хэлсэн байна.
Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден Айова, Нью Хемпшир мужуудад төдийлөн хүчтэй байгаагүй ч Өмнөд Каролина мужаас эхлэн сэтгэл хөдөлгөм ялалтуудыг дагуулжээ. Тэрээр Супер Мягмар гарагийн сунгаагаар 14 мужийн 10-т нь саналаар илүүрхсэн байна.
Энэ жил 77 настай дэд Ерөнхийлөгч асан гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөж байна. Одоо найман муж, гурав бүс нутагт санал хураалтын үлдсэн хэсэг явагдаж байгаа ажээ. Барак Обама “яг одоо үед бидэнд хэрэгтэй байгаа төрийн тэргүүний бүх шинж чанар түүнд бий” хэмээн сайшаан магтсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.