ОХУ-ын нэгэн дипломатч БНЧУ-ын Праг хотын даргыг хордуулах гэж байгаа гэсэн хуурамч мэдээллийг тус улс дахь Оросын дипломатчид зохиосон болохыг Чехийн ерөнхий сайд мэдэгдэн, элчин сайдын яамны хоёр ажилтныг албадан гаргасан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чехийн гурван улстөрчийг хордуулах нууц ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл тархсны дараа Праг хотын дарга Зденек Гриб цагдаагийн хамгаалалтад орсноо мэдэгдсэн. Чехийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын дипломатч захиалгат аллага үйлдэхээр тус улсад “рицин” гэх ургамлын гаралтай хорт бодисыг цүнхлэн ирсэн талаар мэдээлсэн юм.
Гэвч энэ бүхэн зохиомол болохыг Ерөнхий сайд Андрей Бабиш энэ баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ ил болгожээ. Тэрээр “Энэ хэрэг бүхэлдээ ОХУ-ын элчин сайдын яамны ажилчдын дунд болсон дотоод зөрчлийн улмаас үүссэн. Тэдний нэг нь манай тагнуулын албанд чех улс төрчдийн эсрэг хийхээр төлөвлөж байгаа халдлагын талаар худал мэдээлэл илгээсэн” гэжээ.
Түүнчлэн Бабиш Оросын хоёр дипломатчийг Чех улсаас албадан гаргаж байгаагаа зарлаад, “Бид бүх улс оронтой сайн харилцаатай байх сонирхолтой хэдий ч, бүрэн эрхт улс бөгөөд ийм үйлдэл манай нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдөхгүй” гэв.
Харин Оросын элчин сайдын яам уг шийдвэрийг "хуурамч өдөөн хатгалт" хэмээн нэрлэсэн бөгөөд Москва дахь Чехийн дипломатчдыг хөөн гаргаж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Сүүлийн саруудад Праг хотын захиргааны авсан хэд хэдэн арга хэмжээнд ОХУ ихэд дургүйцэж байгаа юм. Жишээлбэл, өнгөрөгч хоёрдугаар сард Праг хотын удирдлагууд Оросын элчин сайдын яамны гаднах талбайг 2015 онд Кремлийн гадаа буудуулж амиа алдаж байсан Оросын нэрт сөрөг хүчний улс төрч Борис Немцовын нэрээр нэрлэсэн аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.