"Аль-Кайда" бүлэглэлийн Африкийн умард хэсгийн удирдагч Абделмалек Друкделийг Мали улсад зохион байгуулсан ажиллагааны үеэр устгасан талаар Франц улс мэдэгдлээ.
Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдээлснээр өнгөрөгч лхагва гарагт болсон ажиллагааны үеэр Дроукдел болон түүний ойрын хүрээллийн гишүүдийг устгасан байна. Францын цэргийн хүчин тавдугаар сард мөн Мали улсаас “ISIS” бүлэглэлийн ахлах командлагчийг олзолсон аж.
40-өөд настай байсан Абделмалек Друкдел Афганистанд Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг байлдаж явсан бөгөөд Ирак дахь Аль-Кайдагийн удирдагч асан Абу Мусаб ал-Заркавигаас үлгэр дуурайлал авдаг байжээ. Түүний удирдлага дор Исламын Магреб дахь Аль-Кайда бүлэглэл олон тооны алан хядлагын ажиллагааг үйлдэж байв. 2016 онд Африкийн Буркина Фасо улсын нийслэл дэх зочид буудалд хийсэн халдлагын улмаас 30 хүн нас барж, 150 хүн шархдаж байжээ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр Дроукдел олон зуун энгийн иргэдийг олон нийтийн газарт хөнөөсөн төхөөрөмжүүдийг өөрийн гараар хийсэн, тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн байсан аж. Тэрээр 2007 онд Алжир улсын нийслэл Алжир хотыг гурван удаа бөмбөгдөн, 22 хүн аминд хүрч, 200 гаруй хүнийг шархдуулж байсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.