АНУ-ын өнгөт арьстай иргэн Жорж Флойдын нас барсан явдалтай холбогдуулан тус улсын 30 гаруй хотоос гадна хэд хэдэн улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал болж байгаа юм. Тэдгээр жагсаалд нэгдсэн улс орнуудыг нэг нь хөрш Канад юм.
Канад улсын нийслэл Оттава хотод баасан гарагт болсон жагсаалын үеэр Ерөнхий сайд Жастин Трюдо өвдөг сөхрөн Black Lives Matter жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлэн, хүндлэл үзүүлсэн байна. Тэрээр ямар нэг зүйл хэлж, илтгэл тавиагүй ч ийнхүү жагсаалд нэгдсэнээ харууллаа. Ерөнхий сайдаас өмнө нь сэтгүүлч сурвалжлагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаалд нэгдэх эсэхийг асуухад тэрээр хариулт өгөөгүй байна. Хар өнгийн даавуун амны хаалт зүүсэн Ерөнхий сайд хамгаалагчдаар хүрээлүүлэн дагалдагчдын хамт өвдөг сөхөрчээ.
Дэлхийн алдартнууд шударга бус явдлыг системээр нь өөрчлөхийг шаардсан жагсаалд дуу хоолойгоо нийлүүлж байгаа ч дэлхийн төр засгийн удирдагчид харьцангуй чимээгүй байгаа юм. “Шударга ёс иртэл энх тайван оршин тогтнохгүй” ашгийн бус нэгдлээс зохион байгуулсан жагсаалд оролцогчид Миннеаполис хотод шударга бусаар амиа алдсан Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэхдээ есөн минутын тур дуугаа хураасан байна. Энэ нь цагдаагийн офицер Дерек Шовины Флойдын хүзүүн дээр амьсгал хураатал нь өвдөглөсөн хугацаа юм.
Коронавирусийн тархалтын үед олон хүн нэг дор цуглан жагсаалд нэгдэж байгаа тул Оттавагийн эрүүл мэндийн газраас жагсаалд оролцогчдыг гараа сайтар угаах, эд зүйлсээ ариутгах, олон нийтийн газарт өмссөн хувцасаа угааж цэвэрлэхийг уриалж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.