Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтийн газарт амны хаалт зүүх нь коронавирусийн тархалтыг зогсооход тусална гэдгийг албан ёсоор зөвшөөрч, шинэ журам, зааварчилгаа баталсан байна. Энэ нь халдваргүй иргэдийг хамгаалахаас гадна халдвар авсан хүмүүс бусдад халдварлуулахгүй байхад тусална гэж үзжээ.
Дэлхийн ихэнх улс орнуудад олон нийтийн газар амны хаалт зүүх, нүүрээ ил гаргахгүй байж хамгаалахыг зөвлөсөн ч зарим улс орнуудад амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч мөн өмнө нь амны хаалт зүүх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаална гэдгийг нотлох хангалттай баримт нотолгоо байгаагүй учир маргаантай сэдэв байсан юм.
Тус байгууллагын Ковид-19 цар тахалтай тэмцэх техникийн мэргэжилтэн доктор Мариа Ван Керхов иргэд, олон нийтийг заавал эмнэлгийн зориулалттай амны хаалт биш ч даавуун амны хаалт зүүж болно хэмээн Reuters агентлагт ярьжээ. Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг халдвар авсан өвчтөн болон тэднийг асран халамжилж буй хүмүүс зүүх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг ДЭМБ-аас өгсөөр байсан юм.
Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 6,7 сая иргэн коронавирусээр халдварлаж, 400,000 орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.