БНХАУ, Ираны Засгийн газрын хакерууд Жо Байден болон Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын ажилтнуудын Gmail хаяг руу халдлага хийх гэж оролдсон талаар “Google” компани мэдэгджээ.
Эдгээр мэйл хаягуудаас мэдээлэл алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй гэдгийг тус компанийн аюулын шинжээч өнгөрөгч пүрэв гарагт мэдэгдсэн бөгөөд “Google”-ын талаас хууль сахиулах байгууллагад мэдэгдээд байгаа аж.
Энэхүү үйлдэл нь Америкийн дараагийн удирдагчийг юу бодож, төлөвлөж байгааг мэдэх зорилготой байж болох юм. 2016 онд ОХУ үүнтэй адил цахим халдлага хийн, олон нийтэд ил болгох, эсвэл сонгуулийн үйл ажиллагаанд саад болох баримт олж авахыг зорьж байсан билээ.
Хакерууд "фишинг" буюу найдвартай эх сурвалжаас ирсэн мэт харагддаг хэдий ч далд вирус агуулсан мэйлүүдийг илгээх аргаар халдлага үйлдсэн байна. Эдгээр имэйл доторх линкийг нээснээр вирус идэвхжин, хакеруудад хохирогчдын мэдээлэлд нэвтрэх боломжтой болдог юм.
Жо Байдены талаас хийсэн мэдэгдэлд “Гадаадын этгээдүүд сонгуулийн кампанит ажилтнуудын хувийн мэйл рүү амжилтгүй халдлага хийсэн гэсэн “Google”-ийн мэдээллийг бид мэдэж байгаа. Кампанит ажил эхлэхээс өмнө бид ийм халдлагад өртөж болзошгүйг мэдэж байсан бөгөөд бэлтгэлтэй байсан” гэв.
Харин Трампын кампанит ажлын төлөөлөгч “Трампын кампанит ажлын хэсэг гадаадаас манай ажилтнуудын технологид нэвтрэх гэж оролдсон талаар бүх мэдээллийг хүлээн авсан. Бид цахим аюулгүй байдлын талаар ихэд сонор сэрэмжтэй байдаг ба бидний зүгээс ямар арга хэмжээнүүдийг авч байгааг дэлгэхгүй” гэжээ.
Эх сурвалж: The Washington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.