Мексик улсад 30 настай эрэгтэй олон нийтийн дунд амны хаалт зүүгээгүйгээс болж цагдаа нарт баригдаж, хэдэн цагийн турш зодуулж амь насаа алдсан талаар мэдээлэл тарж иргэдийн уур бухимдал, эсэргүүцлийг төрүүлжээ. Жиованни Лопез нь Гуадалахарагийн ойролцоо байдаг Жалиско мужийн Истлахуакан дэ Лос Мембриллос тосгонд өнгөрөгч тавдугаар сарын 4-ний өдөр цагдаагийн ажилтнуудад баригдсан байна.
Уг явдлаас хойш сарын дараа буюу энэ долоо хоногийн лхагва гарагт бичлэгийг нь дэлгэжээ. Бичлэгт галт зэвсэгтэй цагдаагийн офицерууд Лопезыг хүчээр баривчлан авч машиндаа суулгасан байна. Энэ хооронд хэргийн газарт байсан гэрч “ердөө амны хаалт зүүсэнгүй гэж түүнийг барчивчилж байгаа юм уу” хэмээн гайхан асуужээ. Асуултад цагдаагийн ажилтан “тэр эсэргүүцэл үзүүлсэн” гэж хариулсан байна.
Лопезыг баригдаад явсны дараа төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүс нь хайж цагдаагийн хэлтэст очжээ. Гэвч түүнийг Гуадалахарагийн улсын эмнэлэг рүү аваад явсан гэжээ. Гэр бүлийнхэн нь зааж өгсөн эмнэлэгт очиход Лопез хэдий нь нас барсан байв.
Түүний хөлөнд бууны сумны шарх үүссэн бөгөөд задлан шинжилгээний хариугаар тархиндаа авсан битүү гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт хийжээ.
АНУ-д өнгөт арьст иргэн Жорж Флойдын хүзүүн дээр цагдаагийн ажилтан 8-9 минутын турш өвдөглөн дарж амь насыг нь хороосон хэргээс үүдэж улс орон даяар төдийгүй олон улсад эсэргүүцлийн жагсаал газар аваад байгаа юм. Энэ үед хил залгаа оршдог хөрш Мексик улсад цагдаа нарын хүч хэрэглэн бусдын амь насанд шударга бусаар халдсан явдлыг ил болгосноор олны анхаарлыг татаж байна.
COPS MURDERED GIOVANNI
— Sergio Beltrán-García (@ssbeltran) June 4, 2020
Giovanni López, 30yo day laborer arrested for not wearing a mask, criminalised by cops and brutally beaten to death bc he belongs to the Mexican racialized underclass.
ACAB EVERYWHERE
https://t.co/ifIhGkqFhm… #JusticiaParaGiovanni#JusticeForGiovanni pic.twitter.com/Qv617s5gWB
Эх сурвалжийн мэдээлснээр тус улсад цагдаа нар бага цалинтай, дутуу бэлтгэгдсэн байдаг ч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг хохироох явдал их байдаг ажээ. Мексикийн цахим сүлжээнд #JusticiaParaGiovanni буюу Жиованнигийн хэргийг шударга шийдье гэсэн хаштаг аян өрнөсөн бөгөөд нэрт жүжигчин Гаэл Гарсиа Бернал Твиттертээ “Жиованни үхээгүй, цагдаа түүнийг алсан” хэмээн жиргэжээ.
Хэрэг гарсан Жалиско мужийн захирагч Энрике Альфаро коронавирусийн тархалтын үед хатуу чанга хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж, олон нийтийн газарт амны хаалт зүүхийг шаардсан юм. Тэрээр амны хаалт зүүгээгүй иргэдийг баривчлах тушаал гаргасныг хүний эрхийн байгууллагууд шүүмжилсэн билээ. Мужийн захирагч Альфаро хэргийг мөрдөн шалгахаа амласан байна.
Гэсэн ч Жиованни Лопезыг амны хаалт зүүгээгүйн төлөө шударга бусаар хороосон хэргийг эсэргүүцэж олон нийт жагсаал хийжээ. Жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүссэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.