АНУ-д цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын цаг бусын үхлийн эсрэг иргэд бүх мужид эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулан, их хэмжээний үймээн самуун үүсээд байгаа билээ. Олон нийтийн цугларалтыг ашиглан дэлгүүр, үйлчилгээний газруудыг дээрэмдэн, тонох хэрэг шил шилээ даран гарч байгаа. Apple компанийн салбаруудаас iPhone ухаалаг гар утаснуудыг хулгайлсан тохиолдол ч мөн ихээр гарчээ.
Цар тахлын улмаас хэдэн сарын турш хаагдаж байгаад саяхан үүд хаалгаа эргэн нээсэн Apple-ийн Нью-Йорк, Филадельфи, Вашингтон зэрэг хэд хэдэн муж дахь салбарууд нь хулгайд өртөж, эд хөрөнгө нь сүйтгэгдсэн талаар мэдүүлсэн.
Тэгвэл тус компани үзэсгэлэн худалдааны дэлгүүрүүдээс хулгайлагдсан iPhone утаснуудыг идэвхгүй болгож, ашиглах боломжгүй болгож байна. Энэхүү үйлдэл нэгэн зүйлийг маш тодорхой болгож байгаа нь тус компани эдгээр гар утаснуудын байршлыг тогтоож байгаа явдал юм.
Филадельфи мужид хулгайлагдсан утсан дээр “Apple-ийн Волнат гудамжны байршилд буцааж өгнө үү. Энэхүү утсыг идэвхгүйжүүлсэн бөгөөд байршлыг нь тогтоож байгаа. Орон нутгийн удирдлагуудад мэдэгдэх болно” гэсэн мессеж ирсэн байжээ.
Цахим ертөнцөөр эдгээр мессежүүдийг харсан олон хүн хувийн аюулгүй байдлын талаар асуулт тавьж байгаа ч Apple компани энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзжээ. Гэхдээ тус компани эртнээс хулгайлагдсан төхөөрөмжүүдийн байршлыг тогтоох зорилгоор үзэсгэлэн болгож тавьсан iPhone-ууд дээр тусгай программ суулгасан байдаг хэдий ч уг программ худалдаж авсан гар утаснууд дээр байхгүй гэдгийг зарим мэргэжилтнүүд онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.