Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнгөрөгч долоо хоногт УОК-ын Шуурхай штабаас энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээлж байсан юм.
Тодруулбал, зургаадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байв. Үүнд:
6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.
Мөн зургаадугаар сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. Түүнчлэн энэ сарын сүүлээр хийх тусгай нислэгийн нэгийг Энэтхэг улс руу хийхээр төлөвлөж байгаа талаар Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Чиглэл нь тодорхойгүй нислэгээр тус бүр 250-270 иргэнийг эх оронд нь авчрах юм.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар нийслэл болон хөдөө орон нутагт тусгаарлалтад нийт 1667 иргэн байгаа талаар мэдээлэл өглөө.
Гэрийн ажиглалтад 903 иргэн байгаагаас өнөөдөр 216 хүн гэрийн ажиглалтаас гарна. "Оюу толгой" компани Австрали улс руу захиалгат нислэг хийлгэхээр болсон. Уг нислэг энэ сарын 6-нд Улаанбаатар-Сидней хот руу хийх бөгөөд тус улсын иргэд хамрагдана. Буцах нислэгт Австрали улсад байгаа иргэдээ энэ сарын 8-нд авчрахаар боллоо.
Гэрийн ажиглалтад байгаа иргэдээс түүврийн аргаар 94 иргэн гэртээ байгаа эсэхэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар 11 хүн гэртээ байгаагүй. Хоёр хүний гэрийн хаяг тодорхойгүй байсан.
Гэрийн ажиглалтад байгаа Хан-Уул дүүргийн 47 настай Б иргэн дөрвөн этгээдтэй хамт архидан согтуурсан үйлдэл гаргасан байсныг илрүүлж, Зөрчлийн хуулиар торгосон. Одоогоор гэрийн ажиглалтад байсан иргэдээс 26 зөрчил илэрч, 12 зөрчлийг холбогдох хуулийн хүрээнд шийдсэн.
Сонгуулийн сурталчилгааны материалыг айл, өрхийн үүдэнд тавихыг анхааруулж байна. Тухайн айл өрхийн үүд хаалгыг тогшихгүй байхыг анхааруулж байна гэлээ.
Түүнчлэн Шуурхай штаб руу нэг өргөдөл дунджаар 16 удаа ирж байна. Иргэдийн ирүүлсэн бүх өргөдлийг хүлээн авч ангилж ялгасан. Иймээс иргэд маань дахин дахин битгий өргөдлөө явуулаач хэмээв.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Австрали улсаас иргэдээ авчрах нислэгийг өнөө өглөө албан ёсоор баталгаажуулав. Уг нислэгийн хувьд Филиппин улсад түр зогсоно. Энэ үеэр тус улсад болон Сингапур улсад хүнд байдалд байгаа 30 гаруй иргэнээ авчирна. Ингэснээр Австрали, Филиппин улсад байгаа иргэдээ авчрахаар боллоо.
Түүнчлэн энэ сарын 12-нд Энэтхэг улсад байгаа 200 гаруй ламхай нарыг авчрахаар болсон. Уг нислэгээр Лоас улсад байгаа 13 иргэнээ тусгай нислэгээр авчирна.
Өнөөдрийн байдлаар 45 улсаас 11629 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн.
Зүүн Азийн орноос иргэдээ татан авчрахад хүндрэлтэй байна. Тайланд улс энэ сарын 30 хүртэл хилээ хааснаас болж, Бангкок руу шууд нислэг хийж чадахгүй байна. Тайланд улсад байгаа 159 иргэн ирэх хүсэлтээ илэрхийлсэн.
Иймээс Тайланд улсад байгаа иргэдээ БНСУ-аас авах боломжтой ч тус улсын хувьд транзит зорчигч нарыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ бид тус улсын талтай ярилцаж, аль болох иргэдээ транзитаар авахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.