Жимсний хальсан дотор нуусан байсан салютыг мэдэлгүй идсэн хээлтэй зааны аманд тэсэрч, үхсэн хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр Энэтхэг улсад гарчээ. Уг явдал улс даяар шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, хэргийг мөрдөн шалгахыг ард иргэд шаардсаны дагуу эрх баригчид албан ёсоор шалгаж байна.
Болсон хэргийг дурдвал Керала мужийн өмнөд голоос хээлтэй заан хүнд шархадсан байдалтай олджээ. Удалгүй заан үхэж задлан шинжилгээ хийхэд түүний аман дотор ямар нэг зүйл тэсэрч дэлбэрснээс шархадсан талаар мэдээлжээ.
Керала мужийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын дарга Сурендра Кумарын хэлснээр тосгоны иргэд зэрлэг гахайнаас талбайгаа хамгаалахын тулд хан боргоцой зэрэг чихэрлэг жимсний хальсан дотор тэсэрч дэлбэрэх бодис, салют нууж тавьдаг байна. Үүнийг идсэн амьтны ам гэмтсэнээс хүнс тэжээл идэж чадахаа больж, улмаар сульдаж үхдэг ажээ.
Хээлтэй зааны бие муудсан байдалтай голоос олдоход өөр хоёр заан түүнд туслан уснаас гаргахыг хүссэн ч заан хөдлөхгүй байсаар үхсэн байна. Түүний үхэл улс орон даяар уй гашуу, санал шүүмжлэл дагуулж Энэтхэг улсын Хүрээлэн буй орчны сайд Пракаш Жавадекар төв Засгийн газар энэ явдлыг ноцтой асуудалд тооцон анхаарч буйг мэдэгджээ. Тэрээр улс оронд нь ан амьтдыг салютаар хорлож устгадаг соёл уламжлал байхгүй хэмээн Твиттертээ жиргэсэн байна. Тус улсад 27,000 орчим заан нутагшсан байдаг ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
huurhii