Энэ сарын 5-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ жилээс эхлэн бүх нийтээр амарч тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус өдрийн утга учир, үйлдвэл зохих зан үйлийн тухай Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн багш, орчуулагч Бурдууд Сүхбаатарын Түвдэнцэрэнтэй ярилцлаа.
-Бурхан багшийн их дүйчин өдөр үйлдсэн буян бум түмээр үрждэг хэмээн бэлгэшээдэг. Энэ өдрийг ийнхүү онцлохын шалтгаан юу юм бол?
-Будда бурхны мэндэлсэн, төгс гэгээрсэн буюу бурхны хутгийг олсон, нирваан дүр олсон буюу таалал төгссөн гурван өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог. Эл өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрийдэж, буян номыг хийн өнгөрүүлэхийг чухалчилдаг билээ. Учир нь, нэг хүний амьдралын гурван чухал зүйл нэг өдөр тохион гэдэг маш онцлог. Монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш. Эрт дээр үеэс зун махан хоолноос татгалзах, айраг, цагаа, цагаан идээ голцуу хэрэглэж ирсэн. Энэ нь монголчуудын хооллох соёл мөн Бурхан багшийн дүйчин өдөртэй ч холбоотой.
Социализмын үед шашин шүтлэг хориотой байсан ч хүмүүс гэр бүлийн хүрээнд буян үйлдэх, цагаалах зэргээр амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр ирсэн. Харин шинэ цаг ирж, бурхан шашны үйл чөлөөтэй болсон цагт бурхны шашинтан лам хуварга, орон хийдүүд дэлгэр хурлаа хурдаг болсон Мөн сүүлийн жилүүдэд төрийн бүс байгуулага, сүсэгтний холбоотой хамтран төв талбайд зултай жагсаал хийх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн.
-Энэ жилээс эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Ингэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Энэхүү өдрийг монголчууд төдийгүй дэлхийн бусад орон, бурхны шашинтнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бага, Дундад Азийн орнууд Тайвань, Тайланд, Япон зэрэг оронд сая зул өргөх, олон хүн хамарсан бясалгал хийх гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулж, ихээхэн ач холбогдол өгдөг. Бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон нь аль нэг шашныг дэмжсэн зүйл биш. Монголчууд Хүннүгийн үеэс бурхан шашин шүтэж ирсэн нь түүхийн олдворуудаар нотлогдсон. Мөн Нангиад Улсын сударт ч тэмдэглэсэн байдаг.
Тиймээс тусгаар тогтнол, өв уламжлалаа хадгалах төдийгүй олон нийтийг сайн сайхан зүйлд уриалах зорилготой. Учир нь, бүх нийтийн амралтын өдөр болгосноор хүмүүс ажил албандаа түүртэхгүйгээр, буян номын үйл хийх боломжтой. Сонсогдох нэр нь шашинлаг болохоос нийгмийн сайн сайханд зарцуулах нэг өдөр юм. Бусад шашинтай хүмүүс өөрийн шашны хүрээнд хоорондоо буян үйлдэх, эв түнжинтэй байж, бүх нийтээрээ улс орон, хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө үйл хийж, өнгөрүүлэх учиртай.
-Эл өдөр сүсэгтэн олон юуг цээрлэж, ямар зан үйл үйлдэх ёстой байдаг талаар тайлбарлавал?
-Тэгэх ёстой гэсэн албадлагын зүйл огт байхгүй. Ер нь юуг эрхэмлэвэл зохих талаар тайлбарлавал, буяны их тэргэл дүйчин өдөр хийсэн буяны үйл будаа тариа мэт өсдөг, хилэнцийн үйл ч мөн адил. Тиймээс бие, хэл, сэтгэлээр үйлдэх арван хар нүглийг тэвчин, буян, хишгийн үйлд бие, сэтгэлээ зориулах хэрэгтэй. Энэ өдөр архи, тамхи аливаа хорт идээ, ундаа хэрэглэхгүй байж цагаан хоол хүртвэл зохилтой.
Шашин шүтлэгээс эс хамааран хүн бүр буяны сэтгэл тээж, сайн үйл үйлдэж өнгөрүүлэх нь чухал. Мөн сүсэгтэн олон маань Гандантэгчинлэн хийдтэй онлайнаар холбогдож, тэгчинсожин буюу нэг өдрийн сахил хүртэх боломжтой. Энэ сахилыг үүрээр олгодог бөгөөд маргааш өдрийн үүр хүртэл сахих учиртай. Энэ хугацаанд цагаан хоол идэх, буруу үг, үйлдлээс цээрлэх, зул өргөх, буяны үйл хийх ёстой.
-Бурхан шашны сүм хийдүүд энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ ?
-Энэ жилийн тухайд дэлхий нийтийг хамарсан цахар тахалтай холбоотойгоор олон нийтийг цуглуулах боломжгүй. Их дүйчин өдрийг угтан хүүхэд багачуудын дунд “Миний мэдэх Бурхан багш” гар зургийн уралдаан, “Бурхны шашин миний бодлоор” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Мөн бурхан шашны сүм, хийдийн лам нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрханд мод тарьж, тахилгат уул овоо, гол усны ай савыг цэвэрлэх, эмзэг бүлгийн хүмүүст эд, материалын тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна. Түүнчлэн Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулан ёслолын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр болон онлайнаар шууд дамжуулах тул сүсэгтэн олон даган баясах боломжтой.
Даган баясна гэдэг бол сэтгэлээрээ нэгдэн залбирахын нэр. Эл өдөр “Бурхан багшийн чого” хурж, өндөр хэмжээний тахил өргөж залбирал үйлдэнэ. Бусад шашинтай хүмүүс ч өөрсдийн мөргөл залбирлаа хийж болно. Бурхан багш бол хүний эрхийг анхлан тунхаглагч. Тиймээс бид хэн хэнийхээ шашин, шүтлэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Мөн Монголын бүх сүм, хийдүүд эх дэлхийн амар амгалан, хүн зоны эрүүл энхийг даатган дотооддоо ном хурна.
-Та сүсэгтэн олныг хурал номд даган баясах, сэтгэлээрээ нэгдэн залбирах боломжтой гэлээ. Залбирах нь ямар ач тустай вэ. Залбирал үлдэх үед тусгай орчин нөхцөл, өрөө тасалгаа бэлдэх шаардлагатай юу?
-Бурхан багш “Хэний сэтгэлд сүжиг байна, түүний сэтгэл би байна” хэмээн айлдсан байдаг. Тиймээс сэтгэлээ зориулж, залбирч чадвал хол, ойрын ялгаа үгүй. Хүнд сүжиг байвал хаанаас ч залбирч болно. Хүний оюун санаа гэдэг хязгааргүй, мөн асар хүчтэй. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө сайхан сэтгэл, гэгээн бодол тээн залбирах хэрэгтэй. Буяныг чиглүүлэгч нь сэтгэл байдаг учраас юуг бодож, юуны төлөө залбирч байгаа нь чухал. Хэн нэгэн 100 зул өргөн залбирсан хэдий ч зөвхөн өөрийгөө даатгасан бол ердөө 100 зул өргөсөн төдий зүйл.
Харин ганц зул өргөсөн ч даян дэлхийн энх амгалан, хүж дэлхий ган зудгүй, өвчин зовлонгүй байгаасай гэж залбирсан бол түүнээс хэд дахин илүү буян юм. Ерөөс аливаа юмс үзэгдэл хүмүүсийн хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Жишээлбэл, амралтын өдөр цаг агаар муудах нь элбэг. Энэ нь ажлын өдрүүдэд цаг агаар сайхан байгаасай гэж бүх хүн боддогтой холбоотой гэдэг судалгаа ч бий. Тиймээс олон хүний сэтгэл, залбирал гэдэг тийм хүчтэй. Мөн гэр орондоо байгаа хүмүүс бурхан шүтээнээ арчиж, цэвэрлэн, орон гэр, өөрийн бие, сэтгэлээ цэвэр байлгаж, бурхан шүтээндээ цай, сүүний дээж, зул, хүж өргөн залбирах нь тохиромжтой.
П.Даваажаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.