Коронавирусийн халдвар улмаас манай улс энэ сарын 30-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа. Ахмад настан, даатгуулагчид жилдээ нэг удаа амралт, сувилалд амрах эрхтэй. Өнөөдрийн байдлаар амлат, сувиллын газрууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд ахмад настан, ЭМД-ын хөнгөлөлтөөр амрах хүсэлтэй иргэдийг хүлээн авч байгаа гэнэ.
Ахмад настан жилдээ нэг удаа амралт, сувилалд амрах бөгөөд амралтанд 7 хоног, сувилалд 10 хоног хүртэл амарч үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгоно.
Ахмад настан амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг харьяа дүүргийнхээ ХХҮХ-ээс авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2.Тухайн амралт, сувиллын дансанд мөнгө тушаасан баримт
3. Хувийн өргөдөл
Ахмад настан сувилалд амрахаар бол доорх газруудад хандаж болно.
Ахмад настанд амралт үзүүлэхээр гэрээ байгуулсан газруудын жагсаалттай энд дарж танилцаж болно.
Харин ЭМД төлдөг иргэн та амралт, сувилалд амрахаар бол ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан газруудад хандаж болно.
Эрүүл мэндийн яамнаас онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар амралт, сувиллын газарт зөвлөгөө хүргүүлж байна.
Амралт, сувиллын газарт:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Нэг удаагийн бээлий хэрэглэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
• Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
• Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
• Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Амрагч нарт:
• Амны хаалт тогтмол зүүх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Хоол унд хувааж идэхгүй байх
• Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
• Тамхи дамжуулан татахгүй байх
• Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.