ОХУ-ын Красноярскийн хязгаар дахь Норильск хотод их хэмжээний шатахуун асгаран, Новосибирскийн аврах албаныхан тус хот руу нисэхээр бэлтгэлээ базааж байна. Эдгээр 100 орчим мэргэжилтнүүд Онцгой байдлын яамны онгоцоор ослын газарт хүрэх аж.
Өнгөрөгч тавдугаар сарын 29-нд Норильскийн ТЭЦ-3-ын газар нутагт дизель түлш хадгалах сав даралтаа алдан, зам руу их хэмжээний түлш асгарчээ. Шатахуун асгарсан хэсгээр машин өнгөрч, гал гарсан байна. Нийтдээ 20 мянган тонн шатахуун Амбарная болон Далдыкан гол руу асгарсан гэнэ. Удалгүй, тавдугаар сарын 31-н гэхэд 100 гаруй тонн шатахуун цэвэрлэжээ. Гэвч нэрвэгдсэн бүс нутгийн усны системийн экологийн тэнцвэрийг сэргээхэд хэдэн арван жил шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилчид ослын газрын хөрсний дээжүүдийг цуглуулан, яаралтай дизель түлш хадгалдаг уг байгууламжийн үйл ажиллагааны талаарх бичиг баримтыг хураан авчээ.
Түүнчлэн уг онцгой байдлын талаар ард иргэдэд мэдээлэх үүрэгтэй хүмүүсийг байцаах ажиллагаа бас явагдаж байгаа аж. Үүнээс өмнө Красноярскийн хязгаарын эрх баригчид ослын талаар олон нийтийн сүлжээнээс олж мэдсэн гэж мэдэгдсэн юм. Тус улсын Онцгой байдлын яамны дарга Евгений Зиничевийн мэдээлснээр ослын талаар Новосибирскийн худалдаа, эдийн засгийн коллеж хоёр хоногийн дараа албаныханд мэдээлсэн бөгөөд тэрнээс өмнө нөхцөл байдлыг бие даан арилгах гэж оролдож байсан байна.
Ингээд мөрдлөгийн ажлын үр дүнд цагдаа нар байгаль орчныг хамгаалах дүрэм зөрчсөн, газрын гэмтэл болон усны бохирдол зэрэг зүйл ангиудад эрүүгийн хэрэг үүсгэн, ТЭЦ-3 станцын дарга Вячеслав Старчиныг саатуулсан хэдий ч тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.
Мөн ослын газар дээр барилга, техник, байгаль орчин болон бусад шүүх эмнэлгийн үзлэг хийгдэж байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн дээр ослын шалтгаан ба хохирлын хэмжээг тогтоох гэнэ.
Эх сурвалж: iz.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.